Цагдаагийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ОБЕГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар хамтарсан мэдээлэл хийлээ.

Энэ үеэр ЦЕГ-ын нийтийн хэв журам, олон нийтийн хамгаалах газрын албаны дарга, Цагдаагийн дэд хурандаа н.Эрдэнэбат "Шинэ жилийн баяр болж буйтай холбоотойгоор олон нийтийг хамгаалах ажлуудыг үе шаттай авч хэрэгжүүлж байна. 12 дугаар сар гарснаас хойш 23 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад нийт 31903 дуудлага ирж, 1175 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Үүнээс 637 гэмт хэргийг илрүүлсэн. Хүний амь нас хохирсон 165 хэрэг, үүн дотор архидан согтуурсны улмаас хүн нас барсан хэрэг 13, амиа хорлосон 6, осгосон 7, бусад 105 хэрэг байна. Энэ хугацаанд нийт 4805 хүн эрүүлжүүлэгдсэн. 

Цагдаагийн байгууллага хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр "Шинэ жил 2018" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүнд ЦЕГ-ын харъяа алба, нэгж нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн болон Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн 200 гаруй суралцагч нэмэгдлээр гудамж талбай, нөхцөл байдал хүндэрсэн, гэмт хэрэг гарч болзошгүй газруудад эргүүлийн үүрэг гүйцэтгэж байна" хэмээлээ.