Зүүн Азийн наран шарлагын газар бүрэн хувцаслаж, шүхэр барьсан хүмүүстэй тааралдах нь ердийн үзэгдэл юм. Бүсгүйчүүд цайвар арьстай болохын тулд өдөр тутамдаа цайруулах арьс арчилгаа хийдэг бол зарим нь меланин бууруулах тарилга хийлгэдэг. 

Яагаад тэд цайвар арьстай болохын тулд ийм их хүчин зүтгэл гаргадаг вэ?

Барууны зарим хэвлэл мэдээлэлд, Зүүн Азийн эмэгтэйчүүдийн цэвэрхэн, цайвар арьстай болох мөрөөдөл нь Европ эмэгтэйчүүдтэй төстэй харагдахыг эрмэлздэг хэмээн андуурдаг. Энэ таамаглал нь цайвар арьсны гоо сайхны стандартын үүслээс хол зөрүүтэй. Япон, Хятад, Солонгост дэлгэрсэн цайвар, толигор арьс нь барууны гоо сайхны стандартаас ч өмнө үүсэлтэй бөгөөд нийгмийн гарал үүслийг илтгэх үзүүлэлт болдог байна. Наранд борлосон арьс нь нийгмийн доогуур гаралтай холбоотой хэмээн үздэг. 

Үүнтэй ижил шалтгаанаар сэргэн мандалтын үед Европ эмэгтэйчүүд арьсаа цайвар, өө сэвгүй болгохын тулд аюултай аргуудыг хэрэглэдэг байжээ. Зарим эмэгтэйчүүд бүүр мөнгөн усыг арьсандаа түрхэж,  хүссэн үр дүнд хүрэхийн тулд ханагч хорхойг ашигладаг байсан аж.

Глобал Аж Үйлдвэрийн Шинжээчдийн тооцооллоор Хятад улс Азид борлуулагдаж байгаа цайруулах гоо сайхны бүтээгдэхүүний борлуулалтын 40 хувь, Япон улс 21 хувь, Өмнөд Солонгос 18 хувийг бүрдүүлдэг. Эдгээр улсууд нь гоо сайхны стандартын талаарх өөр өөр түүх, арга барил туршлагатай байдаг. 


БНХАУ

Хятад улсад цайвар, өөгүй арьс нь Хан гүрний үеэс эхлэлтэй бөгөөд бүсгүй хүний гарал үүсэлтэй холбож тайлбарладаг. Мөн цайруулах хоол хүнсийг хүнсэндээ хэрэглэж иржээ. Хятад эмэгтэйчүүдийн 40 хувь нь цайруулах бүтээгдэхүүн өдөр тутамдаа ашигладаг гэсэн судалгаа байдаг. 

Зарим гоо сайхны бүтээгдэхүүнд мөнгөн ус ашигладаг нь маш муу үр дагавар авчирдаг. Тийм ч учраас АНУ-д Хятадын гоо сайхны цайруулах бүтээгдэхүүнийг хориглодог.


Япон улс

Хятадтай адил Японы зүйр үгэнд “ цайвар царайны өнгө нь долоон алдааг далдалдаг” гэдэг. Япончууд эрт үеэс цайвар арьсыг үзэсгэлэнтэйд тооцдог байсан бол бараан бор царайг царай муутайд тооцдог байжээ. Нарагын үеэс буюу (710-794) Хейан үе хүртэл (794-1185) цайруулах косметик нь язгууртнуудтай нягт холбоотой болсон аж. 

Эмэгтэйчүүд "оширо" нэртэй цагаан нунтаг хэрэглэдэг байсан ба жүжигчин, гейша нар өдөр тутамдаа түгээмэл ашигладаг байжээ. Эдогийн үе буюу 1603 оноос Япон эмэгтэйчүүд илүү натурал харагдах цайвар арьсыг эрхэмлэх болсон байна. Эмэгтэйчүүд өглөөнөөс орой хүртэл нүүрний будгаа хадгалах нь боловсонд тооцогддог байсан бөгөөд нүүр будах үйлдэл нь нэг төрлийн хэв маяг гэж үзэн бусдад харуулахгүйгээр үйлдэх ёстой үйлдэл байжээ.


Өмнөд Солонгос

К Поп одууд болон жүжигчид бусад Азийн одуудын адил зурган дээр царайгаа илүү цайруулдаг. Бусад улстай адил цагаан, өөгүй арьс нь язгууртнуудтай холбоотой. Эртний Солонгосчууд ч мөн арьс цайруулах аргыг судалж байсан бөгөөд зөгийн бал, ургамлыг арьсаа цайруулахад ашигладаг байжээ. Язгууртан айлын хүүхдүүд цагаан, тунгалаг арьстай болохын тулд  интоорын цэцгийн усаар нүүрээ угаадаг байсан уламжлалтай. 

Одоо үед гоо сайхны мэс засал дэлгэрсэн тул арьсийг цайруулахын тулд цайруулах тарилгаас авахуулаад арьс цайруулах мэс аргыг хүртэл боловсруулсан байна.



Эх сурвалж: https://nextshark.com