Хоёр сарын өмнө Дорнод аймгийн Цагаан-Овоо,  Дундговь аймгийн Өлзийт сумын малчдын мал малын гоц халдварт шүлхий болон хонины цэцэг тусч, тухайн үед арга хэмжээ авч байсан юм. Тэгвэл өчигдөр Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин дахин гарсан байна. Хөлөнбуйр сумын  “Өлзийтийн хөндий”-д нутаглаж байсан малчин Б-гийн 15 мал, Булган сумын Туг уул” -ын орчимд отроор нүүж яваа Төв аймгийн Жаргалант сумын малчин Г-ийн 46 үхэр, 25 хонь нийт 71 малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус  аймгийн Онцгой комисс хуралдаж шуурхай арга хэмжээ авах үүрэг чиглэл өгч өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа аж. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулахаар болжээ. Шүлхийн голомтонд байгаа бүх малд Мал эмнэлэг үржлийн газраас яаралтай 20 литр вакцин татан авч вакцинжуулахаар болжээ.