Сахиуст Хангайн Нууц

Аугаа хайрын зохиол бүхэн эмгэнэлтэй төгсдөгийн адилаар миний уншсан энэ номын хайрын түүх ч удаан үргэлжилсэнгүй ээ. Гэхдээ л бал бурам мэт хайр сэтгэлийн ариун бөгөөд бөх утсан дээгүүр дэгэн догон алхсаар номын сүүлийг хуудсыг хаав. Ойрд өөрөө өөртэйгөө зөвхөн хайрын тухай хуучилж, санан дурлахын эрхэнд хэдэн жил сараар ятга цохин гашуудах гаслант сэтгэлийн гүнээр ийнхүү шагайгаагүй юм байна. Зохиолч ардын аман зохиолоос сэдэвлэж эр хүний чин үнэн хайрын сэтгэлийг ардынхаа итгэл үнэмшил, туулж ирсэн туршлагатай нь сүлбэж уран тод, яруу сайхнаар бидэнд хүргэжээ. "Дотор минь тэр л харагдахаа больчихвол сэтгэл зогоох өөр юу үлдэх юм бэ? Тэгэхээр харин ч элэр балрын шалбааг дунд үтэр ойчоод үүрд живсэн нь дээр"*.

Эрт урьд цагт Халх Манжийг дагах үед Зүүн гарын алдарт бөө Халхын дагасан ноёнд удмын хараал ширвэл шившиж гэнэ. Үнэхээр л хараагдсан ноёны үр удам өөдлөлгүй хорвоод шинээр мэндлэх үрс нь төрд нүүргүй, хэлгүй, маанаг амьтас төржээ. Гурав дөрвөн үеэс эхлэж арай гайгүй дүү дархан, номтой хүмүүс мэндэлсэн ч өвөг эцгээс өвлөсөн хараал одоог хэрнэ үргэлжлээд түүнээс хойшх үр удамд нь дамжигдах вий гэсэн айдас хүйдэстэй өдөр хоногуудаас мултарсангүй. Дархны хүү бөгөөс төрөлхийн ятга хөгжимд нүдтэй Пүрэв ноён юм. Хуурдана, дуулнаарыг дааж урд замыг заан чиглүүлдэг тухайх "Хангайн Сахиус нарын" давхар чандлалтай зохиол юмсанжээ. Өнгөрсөн цаг ч одоо цаг ч ирээдүй цаг ч хоосон. Бид цөм хоосон харин энэ байгаль дэлхий, хангай говь минь л оршдог ч юм билүү. 

Надад Аюурзана зохиолч таалагдаад удаж байгаа. Сүүлд түүний аль дээр 2003 онд хэвлүүлж байсан Гурамсан цадиг номд багтсан "Илбэ зэрэглээ" романыг уншаад сэтгэл жоохон гонсойж, ("Шүгдэн", "Судасны чимээ", "Бөөгийн домог"-оо бодвол тиймхэн) тэмдэглэл хөтлөхөөс сэтгэлдээ түдгэлзэж байсан ч зохиолч ур чадвараа энэ хэдэн жилийн хугацаанд гарамтайгаар дээшлүүлж дархан хүн шиг ган төмөр хайлуулж, ятгач хуурч хүн шиг л хөгжмийн зэмсгийг уяраан хайлуулж, түүнээ илтэд амилуулан үнэмшүүлэх авьяас чадлаа түмэн зовхист сацруулвай. Зохиолч бээр манай энэ үеийн алтан төлөөлөл болсон зохиолчоо батлах шиг л боллоо. 

"Сахиуст Хангайн Нууц" ном түүний бичгийн хэлбэрт гайхалтайгаар уясаж зүүд бодит амьдрал аль нь болох ялгагдамгүй орчин цагийн шидэт реализмын урсгалаар сүүл мушгина. "Бид чинь ердөө л өөрсдийгөө бий болгохоор чармайж яваа дуртгалууд, өмнөөс минь шимшрэм өрөвдөлтэй дурсамж төдий сүүдрүүд юм шив дээ"*..Зохиолч маань үүх түүхийн савыг уудлан онгичиж "Алтан товч" номын хэсгээс балар цагийн баатруудыг өөрийн амьдралдаа ханьсахын сацуу өнгөрдөг он жилүүдийнхээ дурсамж савыг нээнэ. Түүний чин үнэн хайр сэтгэл нь хараал байсан юм гэж үү? эсхүл Ягаандарь нь өвгөн хамбын хэлдгээр зүгээр л хөөрхий эндүүрэгдсэн Хангай өөрөө явсан уу? Энэ бүхнийг хэн Пүрэвт хэлж зааж өгөх вэ? Хэн бэ? 

"Тэр хоосон зүйлээс хэрэв аз жаргал анхилж мэдрэгдвэл, бидэнд цөөхөн ч атугай жаргалтай дурсамж үлдсэн бол л, -энэ амьдрал маань жаргалтай болдог"

Тэмдэглэл бичсэн: Энэрэл Ээнээ