БНХАУ-ын даргын санаачлагаар хэрэгжүүлж буй “Нэг зам, нэг бүс” төслийн хүрээнд БНХАУ-ын Улаан загалмайн нийгэмлэгийн Эрүүл мэндийн сан, Монголын Улаан загалмай нийгэмлэгээс санаачилж “Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүйгээр үзүүлэх” хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зураад байна. Уг ажлыг улсын гуравдугаар төв эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх юм. 

Монголд эмчлэгдэх боломжгүй хүнд, хавсарсан зүрхний төрөлхийн гажигтай 0-1 насны нярай болон бага насны 100 гаруй хүүхдэд мэс засал хийхээр төлөвлөжээ. БНХАУ, ӨМӨЗО-ны зүрхний мэс заслын эмч нарын баг, Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрхний мэс заслын эмч нарын хамтарсан баг үзлэг, оношилгоо хийж мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай хүүхдүүдийг сонгож БНХАУ-ын Бээжин хот, ӨМӨЗО-ны Хөх хотын өндөр түвшний эмнэлгүүдэд мэс засал эмчилгээг үнэ төлбөргүй хийх юм байна.

Хагалгаанд орох хүүхэд болон асран хамгаалагч нэг хүний байр, хоол, унааны зардлыг БНХАУ-ын Улаан Загалмайн Эрүүл мэндийн сангаас бүрэн хариуцах юм.

Мянган хүүхэд тутмын 10 хувь нь зүрхний гажигтай төрж байна

Зүрхний төрөлхийн гажиг хөгжингүй орнуудад бараг илрэхээ больсон бол манайх шиг хөгжиж буй улсад асуудал болоод байгаа юм. 1000 хүүхэд тутмын 8-10 хувь нь зүрхний төрөлхийн гажигтай төрж байна гэсэн статистикийг Шастиний нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийнхэн онцоллоо. ЭХЭМҮТ-өөс 2012 онд судалгаа хийгээд зуун хүүхэд тутмын дөрөв, мянган хүүхдийн 24 нь зүрхний төрөлхийн гажигтай төрж байна гэсэн мэдээлэл өгч байсан юм. Тэгэхээр сүүлийн таван жилийн хугацаанд зүрхний төрөлхийн гажигийн тохиолдол дөрөв дахин нэмэгдсэн гэсэн үг. 

Зүрхний төрөлхийн гажиг яаж үүсдэг вэ?

Зүрхний төрөлхийн гажиг гадаад дотоод гэсэн хоёр шалтгаанаар үүсдэг. Гадаад шалтгаанд нь агаарын бохирдол, хүнсний витаминлаг чанарын дутагдал гэсэн шалтгаануудын өмнө вирусийн халдвар орж байна. Улаануудын вирус, парагриф, коксакивирус гэсэн вирусийн халдвар ургийн зүрхийг гэмтээх магадлал өндөр аж. Жирэмсэн эмэгтэй хөнгөн ханиад хүрээд өнгөрсөн ч цусаар нь явж байгаа вирус ургийн зүрхээр нэвтрэхдээ зүрхийг гэмтээдэг байна. Будагч болон химийн хортой бодисуудтай ажилладаг, сэтгэцэд нөлөөлдөг, нойрны эмүүд уудаг гэх мэт шалтгаан ч зүрхний гажиг үүсэхэд нөлөөлдөг гэж эмч нар сануулдаг. Дотоод шалтгааны нэг нь суурь өвчтэй эхчүүд. Үүнээс гадна хромсомын асуудалтай холбоотой удамшлын гажиг дотоод шалтгаанд багтдаг байна. 

Ургийн зүрх эхийн хэвлийд 2-8 долоо хоногтойдоо бүтцийнхээ хувьд хэвийн бүрэлдэн тогтдог юм байна. Өөрөөр хэлбэл хүүхэд олсноос хагас сараас хоёр сарын хугацаанд анхааралтай байж чадвал ургийн зүрх хэвийн өсч бүрэлддэг гэсэн үг. Энэ үед гадны ямар нэг гаж нөлөөлөл үүсвэл ургийн зүрх хуваагдлынхаа үед гэмтдэг байна.

Зүрхний төрөлхийн гажгийг цаг хугацаанд нь эмчилвэл бүрэн эдгэдэг аж. Аав, ээжүүдийн хувьд хүндэрсэн хойно нь эмнэлэгт хандаж цаг алддаг гэж эмч нар хэлж байна.

Хүүхдэд илрэх шинж тэмдгүүд

Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдэд илэрдэг шинж тэмдгүүдийг жагсаая.

  • Уруул, хэл, хумсны толио хөх туяатай эсвэл өнгөтэй болох
  • Хэт амьсгаадах, амьсгаа нь давчдах
  • Хоолны дуршил муу байх, хооллож чадахгүй байх (энэ үед арьс зэвхий цайрч, эсвэл бүр хөхрөх зэрэг шинж тэмдэг давхар илэрч болно). Хүүхдээ хөхүүлэх үедээ сайн ажиглах хэрэгтэй. (Хөхөө хөхөх үед уруул нь хөхөрч байгаа эсэх, хөхөх үедээ амарч завсарлаж байгаа эсэх гэх мэт)
  • Биеийн хөгжил доройтох ( жин хасах ба нэмэгдэх)
  • Зүрх нь шуугиантай байх (ихэнх тохиолдолд хүүхдийн зүрх шуугиантай байх нь ердийн үзэгдэл боловч зарим үед энэ нь эмгэгтэй холбоотой )
  • Хөлрөх (ялангуяа хооллох үедээ)
  • Зүрхний цохилт сул байх

Ургийг дөрвөн сартай байхад нь оношлох боломжтой

Зүрхний төрөлхийн гажиг нь дотроо цагаан гажиг, хөх гажиг гэж ангилагддаг байна. Цагаан гажигтай хүүхдэд барагтай л элдэв шинж илэрдэггүй бол хөх гажигтай хүүхдийн уруул, гар хөлийн хумсны толио, гарын үзүүр, хэлний үзүүр хөхөрч, амьсгааддаг байна. Манайд аль аль нь төрлийнх нь гажиг тохиолддог. Тэгэхээр хүүхдэдээ ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байсан ч зүрхний эмчид хандаж, эхо, шинжилгээгээр оношлуулах хэрэгтэй юм байна.

Олонхи төрлийн төрөлхийн гажгуудыг эхийг жирэмсэн байх үед ургийн зүрхний эхографийн тусламжтайгаар илрүүлэх боломжтой. Эртдээ 16-18 долоо хоногтой ургийг оношилж болдог байна. Зүрхний төрөлхийн гажгийг ЭХЭМҮТ-өөс гадна Улсын гуравдугаар төв эмнэлэгт бүрэн оношлуулах боломжтой. Тус эмнэлэгт өдөрт 20 хүүхдийг эход харж бүрэн оношлох боломжтой юм байна. Гуравдугаар эмнэлгийн хувьд бага насны хүүхдэд хийж буй мэс заслаараа дэлхийн түвшинд гэж үнэлэгддэг. 2020 он гэхэд ямар ч хүүхдийг гадагшаа явуулахгүйгээр хагалгаа хийж эмчилнэ гэж тооцоолжээ.