Залуу хос үл ялиг шалтгаанаар муудалцан   ам мурийжээ. Бүсгүй хаалгаа чанга гэгч хаагаад гарч одсон байна.Бүсгүй эргэж орж ирэх болов уу, аль эсвэл залуу араас нь гарах юм болов уу?
Цаашид ямар үйл явдал өрнөх бол гэж...

Төгөлдөр хуурын аяз  эгшиглэж,  бүсгүйн хүүрнэл эхэлж байна...Уг нь өнөөдөр бид хоёрын танилцсаны таван жилийн ой юм шүү дээ, тэр маань мэдэж байгаа болов уу гээд л...Ингээд  цааш анх харц тулгарсан тэр мөчөөс эхлэн хайр сэтгэлийнхээ тухай тэр гэгээн мөчүүдээ эргэн дурсаж байгаа юм. Бие биенээ хэрхэн бодож санаж хайрлаж явсан тухай бүсгүй, залуу хоёрын дотоод сэтгэлийн монолог ээлжлэнэ. Бүсгүй залуугаа утсаар залгатал эргэж очихгүй гэж шийджээ.
Залуу хэрэггүй юмнаас болж хайртай хүнээ гомдоолоо гэж өөрийгөө буруутган, хайрын гэгээн өдрүүдээ дурсаж байна. Анх харц тулгарсан Анкарагийн гудамж, дэлгүүрийн үүдэнд эгшиглэсэн төгөлдөр хуурын аяз, шиврээ бороо, сэтгэлд дотно дурсамж.


Ямар  яруухан, сэтгэл хөвсөлзүүлсэн бодролууд байсан гээч. Төгөлдөр хуурын намуухан аязанд зүрхнийхээ үгийг, сэтгэлийнхээ нандин нууцыг дэлгэж байгаа залуу хосуудын хоёр тусдаа хүүрнэлийг сонсож суухад үгээр хэлж боломгүй тийм гоё нандин ертөнцөд ороод явчихсан даа.
Залуу уран бүтээлч Ц.Гэгээнхүсэлийн анхны уран бүтээл болох АМАТТИ түүврийг уншаад утга зохиолын ертөнцөд авьяаслаг, мэдрэмжтэй бүсгүй  хөл тавьж байгааг анзаарсан юм. YOU COMPLETE ME  нэртэй түүний хоёр дахь уран бүтээл үүнийг баталж чадлаа. Цоо шинэ өнгө аяс мэдрүүлж чадсан түүний уран бүтээлийг таалан сонсох уншигч хүмүүнд зүрхний баяр баясал төрүүлнэ гэдэгт би огтхон ч эргэлзэхгүй ээ.


CD нийт 15 хэсгээс бүрдэх бөгөөд бүсгүй, залуу хоёрын монолог ээлжилж явсаар 15дахь дээрээ хос хоёр анх танилцсан Анкарагийн гудамжинд уулзаж, анх болзсон газраа дахин болзож байгаа ийм зохиомжтой юм.
Нийгмийн доройтлоос үүдэн залуу гэр бүлүүд салж сарних нь замбараагаа алдсан энэ цаг үед залуу хосын  үл ойлголцлын шалтгааныг хөндөж, бие биенээ сэтгэл зүрхнээсээ хайрлаж амьдрахад том урам зориг өгч буй сайхан сэдэл юм даа. Яруу найрагч Ц.Гэгээнхүсэл сэтгэл судлаач мэргэжилтэй учраас хүний дотоод сэтгэлийн олон өнгө аясыг нарийн мэдэрч байгаа нь монологуудаас тодорхой харагдаж, мэдрэгдэж байна.
Ийм сайхан гэгээлэг хайрын ертөнцөөр аялуулсан Гэгээнээ чамд баярлалаа! Утга зохиолыг эрхэмлэгч хүний хувьд эрэл хайгуул хийж шинэ өнгө аяс гаргаж ирж байгаа залуу уран бүтээлчийг дэмжих нь зүйн хэрэг билээ.
Шинэ содон юм цаанаа л урамтай юм даа.
Би энэ CD -г сонсоод ЗҮРХНИЙ СОНАТ гэж нэрлэмээр санагдсан юм.