Ховд аймгийн Үенч суманд өнөөдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах Нийслэлийн Онцгой комиссын шуурхай ажлын хэсгийн хуралдаанд мэдээлэл хийх үеэрээ хэллээ.

Тэрээр “Долдугаар сард улсын хэмжээнд тарваган тахлын хүний өвчлөл гарч, амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Тодруулбал, Ховд аймагт хоёр тохиолдол гарсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний сорьц өнөөдөр 10:20 цагт нийслэлд ирлээ. Одоо шинжилгээ үргэлжилж байна. Энэ тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тухайн айл нь тарваганы махаар дайлсан байсан. 

Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг сэжигтэй тохиолдол нь 6 настай хүүхэд, буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарсан, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй байна. 

Одоогийн байдлаар 17 аймгийн 137 сумын 443.3 км2 газар нутагт нь тарваган тахлын голомт оршиж байна” гэв. 

Мөн цаашид тарваган тахлын халдвараас сэргийлэхийн тулд нийслэл хот руу тарвага, түүхий эд зэргийг тээвэрлэн оруулахаас сэргийлэх, хяналт тавих шаардлагатай. Эрсдэл үүссэн тохиолдолд нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллах бэлтгэл хангах, халдварт хамгааллын дэглэм сахиулах зэрэгт анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад онцолж хэллээ.



Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс