Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд “Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээ тогтоох тухай” асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцуулав. 

Тэрбээр  “Нийтийн эзэмшлийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах зорилгын хүрээнд иргэдийн аюулгүй, амар тайван амарч, зугаалахад таатай орчинг бүрдүүлж чадахуйц, улс төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө дурсгал, урлагийн бүтээл бүхий байгууламжтай ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн газруудыг сонгосон. 

Судалгаанаас бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий нийтээр ашиглаж буй 30 байршлыг эхний ээлжинд тогтоон энэ байршлуудыг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоож, хамгаалалтад авах, ашиглалтын байдалд хяналт тавих, тохижилт, арчилгааг дүүргүүдийн Засаг дарга нарт гэрээний үндсэн дээр хариуцуулах, газрын мэдээллийн санд нийтийн эдэлбэрийн газрын зориулалтаар бүртгэх саналтай байна” хэмээн уламжилж, зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлэв.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хотод одоогоор мэдээлэл нь тодорхой болсон энэ 30 байршлаас өөр дахин хэчнээн газрыг тусгай хэрэгцээний нийтийн эдэлбэр газарт хамруулах боломжтойг судалж, цаашид хамруулах боломжтой ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийн мэдээллийг нягтлан гаргаж, үе шаттайгаар нэмээд явах шаардлагатай” гэдгийг онцолж хэлсэн юм.

Энэ асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй гэсэн зургаан дүүргийн нийт 30 байршлын нийтийн эзэмшлийн амралт, зугаалгын талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдийг “Нийтийн эдэлбэр” газарт хамруулан тогтоох асуудлыг дэмжиж, НИТХ-д оруулахаар болов.


Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс