“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир танилцуулав. 

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 06-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг төсөлд нэмж тусган, төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр үг, хэллэг, найруулгын засварыг хийсэн тогтоолын төслийн эцсийн хувилбарын төслийг бэлтгэжээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан үг хэлэх гишүүн байгаагүй тул "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжлээ. 

Тогтоолын төсөл батлагдсанаар 6 аймгийн 13 сумын нутаг дэвсгэрийг хамарсан талбайг Улсын тусгай хамгаалалтад авснаар талбайн хэмжээ 1.298.047 га-аар буюу нийт нутаг дэвсгэрт эзлэх хувь 0.83 хувиар нэмэгдлээ. 

Ингэснээр Тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 31.461.221 га байсан бол эдгээр газруудыг шинээр болон өргөтгөлөөр авснаар 32.759.268 га боллоо.


Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс