“Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийн хөрөг зураач, Монголын нууц товчоог цуврал зурагт ном төслийн удирдагч М.Алтанхундагатай ярилцлаа.


-Хоёр жил гэрээсээ гарахгүй шахуу их цаг хугацаа зарцуулж, бүтээсэн Монголын нууц товчоо цуврал зурагт ном гаргасан гэж сонслоо. Чөмөг дундалсан бүтээлийн ард гарах мэдрэмжээ хуваалцахаас яриагаа эхлэх үү

-Монголын нууц товчоог цуврал зурагт ном болгох томоохон төсөл дээр ажиллалаа. 12 цуврал ном л доо. Бүгдийг нь цүнхэндээ хийгээд явбал даагдахгүй шахам хүнд. Хоёр жил шахам номоо зурж дуусахад 13 дугаар зуунаар аялаад ирсэн мэт мэдрэмж төрсөн, энэ мэдрэмж яг одоо ч хэвээрээ байна. 

Эзэн Чингис хааны түүхэн үйл явдлууд тухайлбал Жамухтай уулзаж, анд бололцож байгаа хэсгийг яг л хажуугаас нь харж байгаа мэт бодож төсөөлж зохиомжийг нь гаргасан. Ер нь бол нууц товчооны 282 зүйл болгоноор “өвчилсөн”. /инээв/


-Хүүхдэд зориулсан бүтээл тийм үү?

-Өмнө нь зураг номын төсөл дээр ажиллаж байсан, төслийн санаачлагч продюсер Доктор Б.Батсайхан ах маань хүүхэд залуучуудад зориулсан бүтээл хийе гэсэн юм. Гадны ямар нэгэн судлаачдын санаа оноог тусгахгүйгээр сонгомол эхээс нь ямар ч үг хасаагүй, тэр чигээр нь буулгана гэсэн санаа таалагдсан. Ерөөсөө л монгол хүний сэтгэлгээ, характерийг илэрхийлэхийг хүссэн.

Хэдийгээр хүүхдэд зориулсан ч аль ч насныханд түүхийн гарын авлага болох бүтээл гэж болно. Эцэг эх нь, эмээ өвөө нь үр ач, зээ нартаа уншиж өгч тэдэндээ хэлц үгсийг тайлбарлаж, дээдсийнхээ түүхтэй танилцуулаасай гэж хүсэж байна.


-Чингис хааны  дүр төрхийг олон орны уран бүтээлчид янз бүрээр л буулгасан байдаг. Та Чингис хааныг аль талаас нь илүү харсан бэ?

-Чингис хааныг дэлхийг байлдан дагуулж явсан агуу удирдагч гэдгийг дэлхий мэднэ. Миний хувьд хүн талаас нь харж, буулгаж, уран бүтээлээрээ илэрхийлэхийг хичээсэн.


-Уран сэтгэлгээ, түүх хоёрыг хослуулах амаргүй байсан болов уу?

-Уран сэтгэлгээ мэдээж байх ёстой ч дан ганц мэдрэмж дээр тулгуурлаж хийх нь явцуурна. Бидний өвөг дээдсийн түүх шүү дээ. Толгойд орж ирсэн төсөөллөө буулгахдаа бодит зүйл дээр харж жишээ авч буулгахыг хичээсэн.

Жишээ нь Чингис хаан тэнгэрт хальж буй хэсгийг зурахын тулд нэлээд бодсон. Ингээд их хүний ертөнцийн мөнх бусыг үзүүлж буй хэсэг дээр цагаан шонхор зурж, өрхөөр нь нисэн одож буйгаар зурсан юм. Цагаан шонхор ч судалж, зургийг нь нэлээн харсан, ажигласан. Газарт төрж тэнгэрт ясаа тавьдаг жигүүртэн юм билээ, цагаан шонхор. 


-Судалгаа хэр хийсэн бэ?

Зурагт ном дээр зүгээр л уран дүрслэлээ буулгахыг хүсээгүй. Яг л тухайн түүхэнд бичигдсэн уул ус, гол горхийг нь буулгахыг хичээлээ. 

Монголын нууц товчоонд гэхэд 230 гаруй газрын нэр гардгийг Х.Пэрлээ гуай судалсан байдаг юм билээ. Тэр болгоныг чухам ямар газар байсныг эрж судална. Дээл өмсгөл, эдлэл хэрэглэл гээд угсаатны судалгаа дээр суурилж зурсан. Чингис хааны тухай, угсаатан судлалын монголын төдийгүй гадаадын ном сэтгүүл ч нэлээд уншиж академич С.Чулуун, доктор профессор М.Дэлгэржав, доктор профессор Г.Эрэгзэн, Э.Сонинтогос нарын эрдэмтдээсээ асууж, байнга зөвлөгөө авч байсан.

-Таны бодлоор Монголын нууц товчоог яагаад монгол хүн бүр унших ёстой вэ?

-Түүхээ уншиж мэдсэн хүн удам судар өвөг дээдсээрээ бахархана. Тэр хэрээрээ эх орноо, нэгнээ хүндэлдэг, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэхэд хүч нэмнэ. Гэр бүл, найз нөхдөдөө үнэнч байхыг сурна. Энэ бол монгол хүний өөрийгөө олж авах түлхүүр юм.


-Мэдрэмж төрөлхийн үү, эсвэл хөгжүүлдэг зүйл үү?

-Эцэг эхийн өгөгдөл, суралцах чадвар хосолж байж уран бүтээлчийг хөгжүүлж чадна гэж боддог. Би гэхэд зурах зурах тийм ч дуртай хүн биш, зурах авьяас минь надад бурхан тэнгэрээс өгсөн бэлэг байхгүй юу. Аав, ээж маань хөрөг зурдаг, сийлбэр хийдэг хүмүүс. Удмаасаа өвлөсөн зүйл маань энэ. 

 Миний зураг зурдаг гар тохойноос урагшаа 98 хувийн мэдээгүй. Аль хэдийн ажиллагаагүй болчихсон байх ёстой гар л даа. Ярьвал урт түүх. 

Орон зайн мэдрэмжээ хөгжүүлсний ачаар би энэ гараараа зураг зурж, аяга барьж, тамхи татаж яваа. 


-Таныг эрүүл гараараа зурдаг гэж бодсон…?
-Амьдралдаа эрүүл гараараа зурж үзээгүй. Гурван настайдаа гэмтээсэн ч арван жилд байхад гэнэт сэдрээд нэрээ ч бичиж чадахаа больчихсон. Хүн чинь сонин амьтан ш дээ. Нэгэнт гар ажиллаагүй гэдгээ мэдсэнээс хойш юм бүхнийг сурч мэдмээр санагдаад юм юмыг л хийсэн. Бүжиглэж, программууд дээр ч ажиллаж ч сурлаа, гараа ажиллуулахын тулд шүү дээ. Гэтэл нэг өдөр л цаас бариад зурмаар санагдсан, авсан, зурсан. Сурч мэдсэн зүйл маань миний гарыг амилуулсан. Эцэг эхийн маань гарын ур авьяас надад өвлөгдсөн, тэрийг нь би үргэлжлүүлэх учиртай байж.



-Та хувь тавиланд итгэдэг үү?

-Зураг зурна гэдэг миний хүсэл биш тэнгэрийн хүсэл гэж боддог. Гэхдээ би бууж өгөөгүй л дээ. Гараа сэргээхийн тулд 20 гаруй жил тэмцсэн, одоо ч гэсэн эмчилгээ хийлгэж тэмцсээр яваа. 

Зураг зурна гэдэг зөвхөн гартай л холбоотой зүйл биш. Хүний биеийн эвсэл, сонсголтой хүртэл холбогдоно. Эдгээчих санаатай гадаад дотоодоор нэлээн явсан, онош нь ийм гартай хүн зурах боломжгүй, яваандаа хатангаршиж тахианы сарвуу шиг болно л гэдэг байлаа. Гэхдээ гайхамшиг тохиосон л юм даа. /инээв/


-Зурах хүслээр гараа эдгээсэн хэрэг үү?

-Үнэндээ зураач болно гэж айхтар хатуу бодоогүй ээ. Бүтэн гартай л амьдарна гэж хичээсэн. Зураад эхлэхдээ л бурхан надад ийм зүйлийг бэлэглэсэн байхад би ашиглахгүй бол гомдоно гэж бодсон. Надад хорвоо дэлхийгээс зурах үүрэг даалгавар оноогдсон байжээ. Тийм учраас зураг зурах ажлаа миний хүсэл биш тэнгэрийн хүсэл гээд байгаа юм.


-Санааны цаана бодож санаж яваа зүйл...?

-Зургийг минь хараад ямар сайхан зураа вэ гэж хэлэхээс илүү монгол зураач зуржээ гэж бодоосой гэж хүсдэг. 


-Уран бүтээлч хүн үргэлжийн эрэл хайгуул хийж байдаг. Таны хувьд хамгийн их сонирхож судалдаг сэдэв юу вэ?

-Хүн байх, хүн шиг, байх, хүний үнэртэй байх… Хүн шиг байх гэсэн түмэн зүйрлэл бий. Миний хамгийн их сонирхож асуултыг нь хайж явдаг сэдэв бол хүн. Энэ талаар бусадтай ярилцаж, үзэл бодлоо хуваалцах дуртай.

-Хамгийн энгийнээр хүн гэдэг үгийг тодорхойлбол?

-Хариултыг нь хайгаад л явна. Бүрэн тодорхойлолтыг нь олоогүй. Хүмүүсийг хэдэн арван жил судалсан ч тухайн хүнийг 100 хувь бүрэн таньж чадахгүй. Хүн шиг хүн байхыг л хүн байх гэдэг юм болов уу. 


-Асуултын эрлээс улбаалан Монгол тулгатны 100 эрхмийг зурсан байх нь ээ?

-Би хүнийг таньж, мэдэхийн тулд хөрөг зураг руу орсон. Асуулт хөвөрсөөр “Монгол Тулгатны - 100” эрхэм нэвтрүүлэгт оролцсон нийт 49 эрхмийн хөрөг зургийг харандаагаар зурсан.  Нэгтгэн гурван жилийн өмнө “Хүн” үзэсгэлэнгээ гаргаж байлаа. 

Нэг хүний хөргийг бүтээхийн тулд “Монгол Тулгатны - 100” эрхэм нэвтрүүлгийг 20-30 удаа үзсэн. Ном, ярилцлага, бүтээл гээд тухайн хүнд холбогдох бүхнийг уншиж, дотоод хүн нь мэдрэгдсэний дараа буулгадаг.  

Энэ эрхмүүдийг Херо интертайнментийнхэн дүрсээр үлдээсэн, бид харандаагаар мөнхөлж байгаа юм. Монгол зургийн түүхэнд оруулж байгаа миний багахан хувь нэмэр.


Бичлэг үзэх: 

-Яагаад төрхийг бүтнээр нь буулгаагүй юм бол?

-Би тухайн хүнийн насан туршдаа судаллаа гэсэн бүрэн бүтэн ойлгож мэдэрч чадахгүй. Өөрийнхөө л өнцгөөр харж байгаа шүү дээ. Хөрөг тал учраас бүтэн нэрийг нь хажууд нь эвхмэл үсгээр бичсэн.  

Хорвоо ертөнц дээр хүнийг бүтэн болгодог хоёр зүйл бий. Нэг нь хүний бие, нөгөө нь нэр нь.  Энэ бие эцэс төгсөж хөрсөнд шингэсэн ч тэр хүний нэр л үлдэнэ. 

Нэг ёсондоо бүтэн болгож байгаа хэрэг.  Дан харандаагаар зурсан юм. 

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Эмэгтэйчүүдийг уран бүтээлчээс гадна эх хүн, ээж хүн гэж хэн бэ гэдгийг гаргахыг зорьж “Наран энтэй ижий заяа” үзэсгэлэнгийнхээ бүтээлүүд ажиллаж байна. Хөргийг нь зуруулж байгаа эмэгтэйчүүдтэй уулзаж гэрэл зургийг нь авсан. Нэг хүний зураг гэхэд 200 орчим байгаа. Наашаа хараад сайхан инээсэн ганцхан зургаар хөрөг бүтээх боломжгүй.  


-Хэзээ гаргахаар төлөвлөж байна вэ?

-Ирэх ондоо багтааж, үзэсгэлэнгээ гаргахаар төлөвлөж байгаа. Нийт 33 эмэгтэй сонгосон.


Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье