Энэ жилийн Зул сарын баярын үеэр АНУ-ын Техас муж улсын Хьюстон хотод хоёр гал түймэр гарсны улмаас хоёр хүн амиа алдаж, гурван хүн гэмтэж бэртсэн байна.

Хьюстон хотын Гал түймэртэй тэмцэх газрын мэдээлснээр, 12 дугаар сарын 25-ны өглөө байшинд нь гал түймэр гарсны улмаас 83 настай эмэгтэй амиа алдсан бөгөөд түймрийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа ажээ.

Мөн энэ долоо хоногийн даваа гарагт буюу Зул сарын баярын өмнөх өдөр Хьюстон хотын баруун өмнөд хэсэгт гарсан орон байрны түймрийн улмаас нэг хүү харамсалтайгаар амиа алджээ.

Гал түймэр гарсан байрнаас хүүгийн гэр бүлийн 10 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. “Хүүгийн аав болон гал сөнөөгч нар түлэгдсэн” гэж Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.

Зул сарын баяраа гэр бүл болон найз нөхдийн хамт өргөн хүрээнд тэмдэглэж буй хүмүүс аюулгүй байдлын зааварчилгааг сайтар мөрдөж, болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албаны мэргэжилтнүүд анхааруулсан байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, abc13