Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК өнөөдрийн байдлаар Боинг 767, Боинг 737 маягийн агаарын хөлгөөр олон улсын 12, орон нутгийн 1 чиглэлд нислэг үйлдэж байна. Өнгөрсөн онд манай улсын агаарын тээврийн зах зээлд олон улсын чиглэлд 1 сая орчим зорчигч дотоодын чиглэлд 400 мянга орчим зорчигч зорчиж, үүнээс МИАТ ТӨХК 700 гаруй мянган зорчигч тээвэрлэжээ.

Монголын агаарын тээврийн зах зээлийн эрэлт хэт улирлын шинж чанартай байдаг ба зуны улиралд эрэлт ихтэй байдаг бол өвлийн саруудад эрэлт 2-3 дахин буурдаг. Тиймээс энэхүү эрэлтэд нийцүүлэн үндсэн тарифыг 7 хувиар, улирлын чанартай нислэгийн тарифыг 37 хувиар бууруулсан. Нислэгийн тийзний үнэ тарифыг цаашид ч бууруулахаар шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.

Одоогоор Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар, Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд МИАТ ТӨХК, Сөүл-Улаанбаатар-Сөүлийн чиглэлд БНСУ-ын Корэйн Эйр, Ашиана Эйрлайнс зэрэг компаниуд мөн Пусан-Улаанбаатар-Пусаны чиглэлд Эйр Пусан компани шууд нислэг үйлдэж байна. Түүнчлэн дотоодын агаарын тээвэрлэгч Изинис Эйрвэйс компани ирэх 3 дугаар сараас Улаанбаатар-Пусан-Улаанбаатарын чиглэлд шууд нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Ийнхүү агаарын тээвэрлэгч компаниуд болон агаарын тээврийн гарц, олон улсын нислэгийн суудлын тоо нэмэгдсэнээр өрсөлдөөн бий болж, үнэ тариф буурч, манай улсыг зорих жуулчдын тоо нэмэгдэх боломжтой юм.



Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам