Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан олны анхаарал татсан эрүүгийн хэргүүдийн шийдвэрлэлт, явцын талаар Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрээр "Нийслэлийн прокурорын газар нь улсын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг 6 байгууллагын шалгасан хэрэгт хяналт тавьдаг. 

Энэ оны нэгдүгээр улиралд мөрдөн шалгах ажиллагаа явуулсан АТГ-ын 386, ТЕГ-ын Мөрдөн шалгах газрын 54, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын 155, ЦЕГ-ын Эрүүгийн цагдаагийн албаны эдийн засгийн гэм хэрэгтэй тэмцэх газраас шалгасан 144, Зохин байгуулалттай гэмт хэрэг, хүн худалдаалах гэмт хэргийг мөрдөх хэлтсээс шалгасан 46, ЦЕГ-ын мөрдөн байцаах албанаас шалгасан 120 хэрэг, АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан 27 хэрэг буюу ний 1318 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хянаж шийдвэрлэлээ.

Эдгээр хэргийн 346-д нь мөрдөн байцаах ажиллагаа явуулж, 110-т нь яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн. Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийг хуулийн зүйлчлэлээр авч үзвэл, авлигын гэмт хэрэгт 25-ыг, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар ашигласан гэмт хэрэг 55 байна.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл албан тушаалаа урвуулсан Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан Б.Болор, Д.Эрдэнэбат, Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Золжаргал нарыг болон ЗТХ-ын сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, тус яамны Газрын дарга байсан Доржханд нарыг албан тушаалаа урвуулсан, хахууль авсан хэрэгт энэ оны гуравдугаар сарын 31-ний өдөр яллах дүгнэлт үйлдэж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ч.Алтанхуяг, Чингис хаан банкны гүйцэтгэх захирал байсан С.Сандагдорж нар хуулийн этгээдэд холбогдох хээл хахууль авсан, өгсөн үйлдэлтэй хэрэгт хоёрдугаар сарын 18-ны өдөр яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шүүхэд шилжүүлж, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг гэм буруутайд тооцож, эцэслэн шийдвэрлэсэн.

Одоогоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтан нарт холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулж, ЖДҮХС-гаас хууль бусаар зээл олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна. 

Мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, прокурорт ирүүлсэн "Жаст" группын захирал Ш.Батхүү, Эрдэнэт үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байсан Ч.Ганзориг нарт холбогдох бусдын эд хөрөнгийг залилсан, албан тушаалын байдлаа ашиглан мөнгө угаасан хэрэг, 

Мөн цахим сүлжээ ашиглан мөнгө угаасан үйлдэлтэй хэрэгт БНХАУ-ын 23 иргэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дуусан Прокурорын байгууллагад ирүүлснийг хянаж байна" хэмээлээ.