Монголын худалдаачдын холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Тэд мэдээллийнхээ үеэр "Бид 2017 оны 11 дүгээр сарын 28-нд МАН-ын удирдлагуудтай уулзах хүсэлт гаргасан. Үүнээс хойш бидэнд ямар ч хариу өгөөгүй. Тэгсэн хэрнээ ажил хийх нөхцөлгүй болгож, нохой мэт хөөж тууж, татвараар дарамталж байна. Тиймээс бид энэ сарын 3-ныг хүртэл 13 хоног МАН-ын байрны гадаа суулт хийж, 14 дэх өдөр нь өлсгөлөн зарласан. МАН-ын дарга У.Хүрэлсүхийг бидэнтэй уулзаж, бидний санал хүсэлтийг сонсохыг шаардсан.

Гэвч бидэн рүү 300 гаруй цагдаа явуулж хүчээр тараасан. Тиймээс бид өнөөдөр 4 шаардлага бүхий албан шаардлагыг УИХ, МАН-д хүргүүлж байна. Тус албан бичгээр бид:

  1. Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар худалдаачидтай уулзах
  2. Бидний өмнө нь хүргүүлсэн шаардлагын хариуг өгөх
  3. Иргэдийн эдийн засаг, нийгмийн баталгааг хангах тухай Үндсэн хуулийн заалтыг биелүүлэх
  4. МАН амлалт, мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийг шаардаж байна. Худалдаачид ийм энгийн зүйл шаардаж байна. Түүнээс биш мөнгө, албан тушаал нэхээгүй" гэв.


Мөн энэ үеэр тус холбооны тэргүүн З.Пунсалдулам "9 дүгээр сарын 3-нд цагдаа нар бидэнд хүч хэрэглэж тараасан. Тус өдрийн 20 цагийн үед цагдаа нар суулт хийж буй худалдаачид дээр ирж 2 цагийн дараа тарсан байгаарай гэсэн. Бид тараагүй. Гэтэл 22.00 цагийн үед 300 гаруй цагдаа ирээд бидэнд хүч хэрэглэсэн. МАН-ын дарга Н.Энхбаярын оймстой хөлийг годолзуулж авч явсан шиг намайг авч явж, машинд суулгасан. Бидэнтэй зүй бусаар харьцсан. 

Ийм олон цагдааг бидэн рүү явуулж, хүч хэрэглэн тараалгасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж хоёрт маш их гомдож байна. Гэсэн ч бид тэмцлээ үргэлжүүлнэ. Биднийг 300 байтугаа 3000 цагдаа ч зогсоож чадахгүй" хэмээн ярилаа.