Хятадын нэгэн гэр бүл 1988 онд зочид буудлын өмнөөс хулгайлагдсан хүүтэйгээ 32 жилийн дараа уулзжээ. 

Мао Юүн хүү хулгайлагдахдаа хоёр настай байсан аж. Түүний аав гэртээ харих замдаа цангасан хүүдээ ус уулгахаар зочид буудлын үүдэнд зогссон аж. Халуун ус хөргөх зуур эргэн хартал хүү нь алга болсон байжээ. Хүүгээ хайсан эцэг эх ажлаа орхин 100 мянга гаруй тараах материал хэвлэж улс орон даяар эрэн хайсан юм. Гэвч амжилт олсонгүй. Тэд итгэл тасралгүйгээр эрж хайн телевизийн нэвтрүүлэгт ч олон удаа оржээ. 

Ингээд тэд "Хүү минь гэртээ эргэж ирээч" гэх хөдөлгөөнд нэгдэж хүүхдээ алдсан эцэг эхчүүдтэй нэгдэж 29 хүүхдийг гэртээ эргэн ирэхэд тусалсан байна.

Даваа гарагт болсон цагдаагийн газрын мэдээгээр энэхүү эрлийн учиг тайлагдаж хүү нь олдсон талаар мэдэгджээ. Тэд хүүхэд үрчилж авсан айлын сургаар мөрдөн хайж ийнхүү амжилттай олжээ. Хүү нь мөн эсэхийг тодруулахын тулд ДНХ-ийн шинжилгээ хийж тулгасан нь эерэг гарсан аж. Хүү өдгөө 34 настай бөгөөд эцэг эхтэйгээ цагийг өнгөрүүлэхээр төлөвлөж байгаа талаар дурдсан байна. 

Түүнийг хүүхэдгүй гэр бүлд 6000 юанаар зарсан байжээ. Энэ нь өнөөдрийн ханшаар 840 ам.доллар юм.

Гэхдээ өсгөсөн эцэг эхийн талаарх мэдээллийг цагдаагийн газар нууцлаад буй.

Хүүгийн ээж Ли Жинзи энэ талаар "Надад тусласан мянга мянган хүмүүст баярлалаа. Энэ бол амьдралдаа авсан хамгийн гайхалтай бэлэг" хэмээн талархлаа илэрхийлжээ. Ма Юүн өдгөө гэр ахуйн бараа зардаг бизнес эрхэлдэг аж.

Хятад жилд 20 мянган гаруй хүүхэд ор сураггүй алга болдог байна.

Эх сурвалж: BBC