УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Мал сүргийн хаваржилт, хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар” мэдээлэл өгөх товтой байсан ч түүнийг төлөөлж ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл хийлээ.

Тэрээр мэдээллийн дараа УИХ-ын гишүүдийн асуултад хариулах үеэрээ "Малчдад олгох жилийн гурван хувийн хүүтэй зээлийг орон нутагт салбартай Төрийн банк, ХААН банкаар олгоно. Эдгээр банк тус бүрт малчдад олгох зээл бий. Засгийн газрын тогтоолоор тус зээлийг нь жилийн гурван хувийн хүүтэй болгосон. Шинээр зээл авах малчин нь банкиндаа хүсэлт гаргаж, жилийн гурван хүүтэйгээр зээлээ авна. Уг зээл шууд олгогдоод явахад бэлэн. Арилжааны банкуудад эх үүсвэр нь байгаа" хэмээлээ.

Засгийн газраас баталсан "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-ны хүрээнд Малчдыг дэмжих 200 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн юм.