Оросын Шинжлэх ухааны академийн харьяа Келдышийн нэрэмжит хавсарга математикийн хүрээлэнгээс ЗХУ-ын задралаас хойш ажиллахаа больсон байсан Дэлхийн тойрог замын ажиглалтын нэгдсэн сүлжээний оронд сансрын орон зайг хянах телескопын сүлжээг дэлхий даяар суурилуулсан тухай мэдээлэл хийлээ. 

Дараах 10 хот, одон орон судлалын төвүүдийн сансрын ажиглалтын үйл ажиллагааг сэргээсэн байна. Үүнд

  1. Тариха (Болив улс), 
  2. Уссурийск, 
  3. Благовещенск, 
  4. Хүрэлтогоот (Монгол улс), 
  5. Китаб (Узбекистан улс), 
  6. Гиссар, 
  7. Санглок (Таджикистан улс), 
  8. Абастумани (Гүрж), 
  9. Ужгород (Украин), 
  10. Кастельгранде (Швейцари).

Мөн шинэ газруудыг судалж, ахин 8 ажиглалтын төвийг нээсэн нь Камчатка, Алс Дорнод, Сибир, Алтай, Молдав, Мексик зэрэг газар нутгуудад байрласан хэмээн мэдэгджээ. 

ЗХУ задарснаас шалтгаалж одон орон судлалын төвүүдийн ихэнх нь, тэр дундаа Сансрын орон зайн хяналтын төвийн хэрэгцээнд зориулж геостатик тойрог зам дахь сансрын биетүүдийн ажиглалтыг хийдэг байсан сүлжээ тэр чигтээ ажиллахаа больсон байна. 

Келдышийн хүрээлэнгийн мэдэл дахь шинэ болон сэргээн засварласан телескопууд нь хиймэл дагуул хөөрсөн, тойрог зам дээр сөнөсөн, атмосферт нэвтэрч орсон тухай мэдээллийг цуглуулж, аюултай байж болзошгүй сансрын аппаратууд ойртож буй эсэхийг ажиглаж, сансрын хог хаягдлын тархалтын загварыг ажиглаж, судалж байгаа аж. 

Энэхүү систем нь Оросын ШУ-ы академийн харьяа Роскосмосын болон бусад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн сансрын орон зайн хяналтын  системтэй харилцан хамааралтай ажиллаж байна. 

Сансраас хүлээн авсан мэдээллийг Келдышийн хүрээлэнгийн 100 терафлопс буюу 1 секундэд 100 их наяд үйлдлийг хийх хүчин чадалтай суперкомпьютерээр боловсруулж байгаа аж. 2018 оны эхэн үед тус компьютерт Дэлхийн түвшнээс 36 мянган км-ийн өндөрт байх геостатик тойрог зам дээрх (тус тойрог зам дээр хиймэл дагуулууд байрладаг) 2438 биет, өндөр эллипсэн тойрог зам дээрх (тус тойрог зам дээр ихэвчлэн холбооны хиймэл дагуулууд байрладаг) 2925 биет, дундаж өндөртэй тойрог зам дээрх (ойролцоогоор 20 мянган км-ийн өндөрт оршдог тус тойрог зам дээр ГЛОНАСС, GPS газрын зургийн системүүдийн дагуулууд байрладаг) 361 биетийн талаарх мэдээлэл хадгалагдаж байсан.

НАСА-аас өгсөн мэдээллийн дагуу дэлхийн ойролцоох тойрог зам дээр Дэлхийгээс харагдахуйц 19 мянган хиймэл биет байдаг аж. 

ОХУ-ын Сансрын орон зайг хянах системийн каталогт 13 мянган хиймэл биет бүртгэлтэй байна. 160-2 мянган км-т орших тойрог зам дээр 20 см-ийн хэмжээтэй 7 мянган хиймэл биет, 2-50 мянган км-ийн өндөрт орших тойрог зам дээр 20-40 см-ийн хэмжээтэй 6 мянган биет. 

2016 онд Роскосмосын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэд дараах дүгнэлтэд хүрчээ. Сансрын хог хаягдлын асуудлыг шийдвэрлэх тал дээр анхаарахгүй аваас 100-200 жилийн дараа гэхэд сансар судлалын салбар хөгжихөө болино. Учир нь дэлхийн ойролцоох тойрог зам тэр чигтээ хиймэл биетүүд, техник машинуудаас салж унасан эд зүйлсээр дүүрнэ хэмээн үзэж байна. 

2009 оны 2 сард тойрог зам дээр сансрын 2 аппарат анх удаагаа мөргөлдсөн нь ЗХУ-ын "Космос-2251" хиймэл дагуул болон АНУ-ын Iridium 33 теле-холбооны аппарат байжээ. Мөргөлдөхдөө тус хоёр хиймэл биет 2 мянган хэсэг болж салж унасан байна. Эдгээр хог хаягдал Олон улсын сансрын станцид нэг бус удаа аюул учруулж байсан аж.

 © Фото : Роскосмос/Антон Шкаплеров

МОСКВА, 2018.08.25— РИА Новости.