НЬЮ-ЙОРК. /РИА Новости/Өнгөрсөн онд болсон зэвсэгт мөргөлдөөнүүдийн улмаас амиа алдсан болон гэмтсэн хүүхдүүдийн тоо урьд өмнө байгаагүй хэмжээнд хүрчээ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд дурдсан байна. 

Зэвсэгт мөргөлдөөний улмаас амь насаа алдсан болон гэмтсэн хүүхдийн тоо Афганистанд хамгийн өндөр буюу 3062 байсан аж. Илтгэлд дурдсанаар, Сири дэх зэвсэгт мөргөлдөөнд 1854 хүүхэд амиа алдсан эсвэл шархадсан бол Йеменд энэ тоо 1689 байжээ. 

Хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулах тохиолдол Сомали улсад хамгийн өндөр хэвээр байгаа аж. 2018 онд тус улсад 2300 хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд татан оролцуулсан бол Нигери улсад 1947 хүүхдийг зэвсэгт мөргөлдөөнд оролцуулжээ. 

Түүнчлэн өнгөрсөн онд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн 933 тохиолдол бүртгэгдсэнээс Сомали улсад 331, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад 277 тохиолдол бүртгэгдсэн байна. 




Эх сурвалж: Монцамэ агентлаг