Ашигт малтмалын нөөц ашигласны татварын тухай хуультай холбоотой үүсээд буй асуудлын талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр "Тус хуулинд УИХ туйлын хариуцлагагүй ажилласан. Сангийн сайд гэж "тувтан" худлаа ярьдаг нөхөр байна. Татварын ерөнхий гараас өнөөдөр мэдээ авахад Ашигт малтмалын нөөц ашигласны татварын төлбөр өнгөрсөн жилийнхээс давж биелсэн байна. 700 орчим тэрбум төгрөг орчихсон. 1.3 их наяд төгрөг ордог гэдэг нь худлаа. Яагаад гэвэл өнгөрсөн жил 700 тэрбум хүрээгүй байна.

10 дугаар сарын байдлаар сар бүр авдаг татвар төлөгдөөд үндсэндээ дуусч байна. Тэгэхээр УИХ-ын гишүүд ямар буруу зүйл хийсэн бэ гэхээр "Ашигт малтмалыг Хятадын нутаг руу гаргавал татваргүй, Монголын нутагт ашиглах юм бол олборлогчид тавьдаг ашигт малтмалын нөөц ашигласны татварыг 5 хүртэлх хувь гэж заасан байгаа юм. Энэ нь монголын бүх үйлдвэр хаагд гэсэн үг. Үүнийг Үндсэн хуулийн цэц засварласан.

Гуравдугаар сарын 26-нд энэ хууль гарснаас хойш нүүрс угаадаг, кокс хийдэг, төмөр хайлуулдаг, жонш баяжуулдаг 100 орчим үйлдвэр хаалгаа хаачихсан. Огт ажиллаагүй. Тэгэхээр хятадын импортлогчдын даалгавраар УИХ хууль баталсан. Тэрний эзэн нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болж таарч байна. 

Уг нь МАН-ийн мөрийн хөтөлбөрт 21 аймагт 100 үйлдвэр байгуулна гэж бий. Одоо юун 100 үйлдвэр байгуулах, 2016 оны сонгууль болох өдөр байсан 100 үйлдвэрийг хаалгаа барихад хүргэсэн хууль гаргасан байна.

Тэр буруу хуулийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосон нь зөв. Одоо тэрнийг орлуулах татварын хуулийг УИХ яаралтай боловсруулах хэрэгтэй. 

Уг нь бол дээрх хууль эсрэгээр байх ёстой. Ямар ч боловсруулалт хийхгүй улсын хилээр шууд гарч буй бол өндөр татвартай, Монголын нутагт боловсруулалт хийж буй бол бага татвартай байх ёстой. Хятадын импортлогчийн лоббинд орж, УИХ татвар тогтоосон нь буруу. Тэрийг засварласан Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зөв" хэмээн байр сууриа илэрхийллээ.

Харин Сангийн яамнаас Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарсантай холбоотойгоор дээрх хуулийн төслийг залруулахаар дахин Ашигт малтмалын нөөц ашигласны татвартай холбоотой хуулийн төсөл боловсруулахаар шуурхай ажиллаж эхэлжээ.

Энэ талаар Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн "Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр үүссэн нөхцөл байдлыг залруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг сэргээн тогтоохоор Сангийн яамнаас хуулийн төсөл боловсруулан нэн яаралтай горимоор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна" хэмээн цахим хуудаснаа нийтлэжээ.