Үндэсний баяр наадмын дараа шинэ аварга төрлөө хэмээн баярлаж байсан монгол түмнийг Э.Оюунболдын шинжилгээнээс допингийн төрлийн бодис илэрсэн гэх мэдээ гонсойлгосон билээ.

Яриа төдий байсан уг мэдээг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнгөрсөн долоо хоногт албан ёсны мэдэгдэл хийж баталж орхив. Үүнтэй зэрэгцэн Э.Оюунболдын авсан цол зэргийг хураах эсэх асуудал ид яригдаж байна. 

Уг асуудалд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд тайлбар өгсөн юм. 

"Одоогоор бидэнд Э.Оюунболд аваргын цолыг хураах бичиг ирээгүй. Өнгөрсөн туршлагаас харахад тийм ч хурдан шийдэгдэхгүй юм билээ. Учир шүүхээр орж хэдэн жил явж байж, допинг хэрэглэсэн нь тогтоогдвол цол хураах, түүнтэй холбогдуулан бусад бөхчүүдийн цол, чимгийг олгох зарлиг гардаг. Маш их удаан процесс өрнөдөг.  Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн үед болсон допингийн асуудал саяхан шийдэгдсэн. Зарим нь үндэсний бөх бол олимпийн төрөл биш. Заавал энэ төрлийн шинжилгээ авах албагүй ч гэж ярьж байна. Энэ мэт асуудлаас болоод ерөнхийлөгч шууд зарлиг гаргахад маш бэрх. Ер нь Э.Оюунболдын допингийн асуудал, цол хураах асуудал баталгаатай 2-3 жил шүүхээр үргэлжилнэ" гэлээ.