МОСКВА. /TASS/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко “Ард түмний зарц” намын дарга Владимир Зеленскийтэй Киев хотын "Олимпийский" цэнгэлдэх хүрээлэнд мэтгэлцэхийг зөвшөөрчээ.


“Халз мэтгэлцээн явуулах журам ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд бичээстэй байгаа, уншаарай. Мэтгэлцээнийг олон нийтийн телевизэд явуулж, телевизийн бүх сувгаар үзэгчдэд дамжуулж болно. Энэ бол аль хэдийнэ тогтсон дүрэм. Гэхдээ цэнгэлдэх хүрээлэн гэж байгаа бол цэнгэлдэх хүрээлэнд уулзъя. Би таныг хүлээж байна. Владимир Александрович” гэж Порошенко цохон хэлснийг Украины хараат бус мэдээллийн агентлаг уламжилсан байна.


Мэтгэлцээнд оролцох саналыг нь хүлээж авч байгаагаа Зеленский лхагва гарагт дүрс бичлэгээр мэдэгдсэн боловч нийслэл хотын "Олимпийский" цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах болзол тавьжээ.


Украины Ерөнхийлөгчийн анхан шатны сонгууль гуравдугаар сарын 31-нд болсон билээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Зеленский сонгогчдын 30.24 хувийн саналыг авсан бол Порошенкод 15.95 хувь нь саналаа өгчээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг