СЗХ-ны Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга Б.Итгэлсүрэнтэй зээлийн хүүг тогтоох асуудлыг тойрсон сэдвээр ярилцлаа.


-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-ын ЭЗБХ-гоор хэлэлцэхээр болсон. Энэ хуулийн талаар СЗХ ямар байр суурьтай байгаа вэ?

2018 онд УИХ-ын гишүүн С.Эрдэнийн өргөн барьсан “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль”-ийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын ЭЗБХ-ны 2018 оны 10-р сарын 26 дугаар тогтоолоор ажлын хэсгийг томилсон. Ингээд ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам зэрэг төрийн байгууллагууд, мөн төрийн бус байгууллагуудын төлөөлөл орж ажилласан. Ажлын хэсгийн хуралдаануудад төрийн байгууллагуудын зүгээс уг хуулийн төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсээр ирсэн. Энэхүү хууль батлагдсанаар нийгэмд олон сөрөг үр дагаврыг бий болгоно гэдэг байр суурьнаас холбогдох судалгаа, мэдээлэл, тайлбаруудыг тухай бүр өгч байсан. Гэвч ажлын хэсгийн гишүүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг өргөн барьсан байдлаар нь ЭЗБХ-оор хэлэлцэхээр болоод байна.


-Зээлийн хүүнд ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг вэ?

-Гол нөлөө үзүүлэх хүчин зүйлсэд макро эдийн засгийн нөхцөл байдал, төрөөс баримталж буй бодлого, эх үүсвэрийн өртөг буюу хадгаламжийн хүү, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны процесс,зээлдүүлэгч байгууллагын үйл ажиллагааны зардал зэрэг орно. 2019 оны 3 дугаар сарын байдлаар инфляцын түвшин 6.7%, Монголбанкны бодлогын хүү 11% байгаа нь зээлийн хүүний үзүүлэлтэд гол нөлөөг үзүүлж байна.


-Тэгвэл зээлийн хүүг бууруулах зөв арга зам нь юу вэ?

-Өмнө дурдсанчлан улс төр, эдийн засгийн эрсдэлийг бууруулах, зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах, инфляцийн түвшин, төгрөгийн ханшийн хэлбэлзлийг бууруулах, зах зээл дэх санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг макро зохистой бодлогын арга хэрэгслээр  хүүгийн түвшинд нөлөөлөх нь зүйтэй. Тийм ч учраас СЗХ-ноос сүүлийн жилүүдэд баримталсан бодлогын шийдвэр нь зах зээл дэх эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх замаар зээлийн нийлүүлэлтийг өсгөж, улмаар хүүгийн түвшинг бууруулах, мөн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг олшруулснаар иргэд, аж ахуйн нэгжид зөвхөн зээлийн үйлчилгээнээс гадна санхүүгийн бусад олон төрлийн санхүүжилтийн боломжийг өгөхөд чиглэгдэж ирсэн.

Үүний нэг жишээ нь 2016 онд Хорооноос гаргасан банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр юм. Уг шийдвэр амжилттай хэрэгжиж байна Байгууллагуудын хөрөнгийн чадавх сайжирснаар зах зээл дэх зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, зээлийн хүүгийн түвшин буурсан дүнтэй байгаа. Шийдвэр хэрэгжиж эхлэхээс өмнө банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн сарын хүү 4.2%-тай байсан бол 2018 оны жилийн эцсийн байдлаар 3.2% болж буурсан. Байгууллагуудын хөрөнгийн чадавхыг нэмэгдүүлэх уг шийдвэр 2020 оныг хүртэл хэрэгжих бөгөөд салбарын зээлийн хүү ч мөн цаашид буурах бүрэн боломжтой гэж бид харж байгаа.


-Хуулийн төслийг харахад СЗХ-ны зохицуулалтын хүрээнд үйл ажиллагаа эрхэлдэг ББСБ, ХЗХ-ны зээлийн хүүг арилжааны банктай ижил байхаар тусгасан байна. Хэрвээ энэ хууль батлагдвал дээрх байгууллагуудад ямар хүндрэл үүсэх вэ?

-СЗХ-ны зүгээс хуулийн нэг том алдаа нь энд байна гэж үзэж байгаа юм. ББСБ-ын хувьд авч үзэхэд анхны ББСБ 1999 онд үүсгэн байгуулагдсан байдаг. 2018 оны эцсээр Монгол улсад 539 ББСБ СЗХ-ноос авсан тусгай зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж байгаагаас 492 ББСБ зээлийн үйл ажиллагаа эрхэлж, нийт 234 мянган зээлдэгчдэд 869.2 тэрбум төгрөгийн зээлийг олгосон нь нэг зээлдэгчид дунджаар 3.7 сая төгрөгийн зээл олгосон байна гэсэн үг. Өмнө хэлсэнчлэн зээлийн жигнэсэн дундаж хүү сарын 3.2%-тай байна. ББСБ-аас зээл авч байгаа зээлдэгчдийн хувьд арилжааны банкны зээлийн шаардлагыг хангахгүй, бичил, жижиг бизнес эрхлэгч, мөн арилжааны банкнаас зээлтэй боловч санхүүгийн яаралтай хэрэгцээ гарсан, арилжааны банкуудын барьцаа хөрөнгийн шаардлагыг хангахгүй байгаа хөрөнгөө эргэлтэнд оруулсан зээлдэгчид багагүй хувийг эзэлдэг. Ийм ч учраас ББСБ-уудын харилцагчид банкыг бодвол харьцангуй эрсдэл өндөртэй, маш бага хэмжээний бичил зээл авсан зээлдэгчидтэй ажиллах зайлшгүй шаардлагатай тулгардаг тул зардал нь өндөр байдаг. 

Бусад улс оронд ч ялгаагүй мөн ийм л байдаг. Үүнээс болоод ББСБ-уудын зээлийн хүү арилжааны банкнаас өндөр тогтдог жижигтэй. Гэтэл арилжааны банктай ижил түвшинд байхаар хүүгийн хязгаарыг хуулийн төсөлд тусгасан байгаа нь 20 гаруй жил зах зээлд үйл ажиллагаа явуулсан энэ салбарыг үгүй хийж, улмаар бичил, өрхийн бизнес эрхлэгчдийг санхүүгийн дарамтад оруулах, ядуурал, ажилгүйдлийг нэмэгдүүлэх аюулд хүргэх, нөхцөлийг бүрдүүлэх зүйл болоод байна. Мөн сүүлийн үед ББСБ-уудаас финтек буюу технологид суурилсан дэвшилтэт бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж ард иргэдэд зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэн ажиллаж, хөгжлийн эхэн үедээ явж байна. Энэ хууль батлагдсанаар ББСБ-уудын хувьд маш хүнд цохилт болно. 

Өндөр өртөгтэй финтекийн үйлчилгээ, бусад зээлийн үйлчилгээ ч ихээхэн хумигдаж, үндсэндээ ББСБ-ууд үүд хаалгаа барихад хүрч болзошгүй. ХЗХ-ны хувьд зөвхөн гишүүддээ хадгаламж, зээлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн хүрээнд явуулдаг, ашгийн төлөө бус хуулийн этгээд болохыг Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулиар хуульчлаад өгчихсөн. Иймд учраас ХЗХ-ны хувьд хадгаламжийн болон зээлийн хүүгийн хэмжээг бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэн тогтоодог. Гэтэл энэ салбарыг ашгийн төлөө ажилладаг банкны салбартай ижил төвшинд адилтган авч үзэж байгаа нь буруу. Өөрөөр хэлбэл, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хуулийг зөрчсөн, гишүүнчлэлтэй байгууллагын бүрэн эрхэд халдсан асуудал болно.


-Хууль санаачлагчийн зүгээс дэлхийн 80 орчим оронд төрөөс зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож өгсөн нь үр дүнтэй байгаа талаар хэлж байсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?

-Хуулийн төслийн үзэл баримтлалд энэ талаар дурдсан байна лээ. СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсээс зээлийн хүүгийн хязгаар тогтоосон орнуудын нөхцөл байдалд судалгаа хийсэн. Судалгаагаар улс орнуудын нийтлэг туршлагаас үзэхэд зээлийн хүүгийн таазыг зах зээлийн түвшнээс доогуур тогтоосноор ядуу, эмзэг бүлгийн ард иргэд, бичил, ЖДҮ эрхлэгчид, хөдөө орон нутгийн иргэдэд хүрэх санхүүгийн хүртээмжийг бууруулдаг гэсэн дүгнэлт гарсан. Зээлийн хүүгийн тааз тогтоосон улс орнуудын жишээг дурдвал, Японд 20%, гэтэл зээлийн хүүгийн дундаж нь жилийн 1.5%, Германд зээлийн хүүгийн таазыг дундаж зээлийн хүүгээс 2 дахин ихээр тогтоож өгсөн байна. Өөрөөр хэлбэл хэт өндөр хүүгээр албан болон албан бусаар мөнгө хүүлэхийг хязгаарласан.


-Иргэд олон нийтийн зүгээс энэ хуулийн төслийг дэмжиж байгаа хандлага ажиглагдаж байгаад ямар тайлбар хэлэх вэ?

-Зах зээлийн нийгэмд аливаа бүтээгдэхүүний үнэ өрсөлдөөний дүнд өөрөө бий болдог шүү дээ. Монополь зах зээл дээр үнийг төрийн зохицуулалтаар тогтоох зарчмаар явдаг. Гэтэл зээлийн бүтээгдэхүүний зах зээл нь өөрөө өрсөлдөөнт зах зээл юм. Зах зээл дээр зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа 492 ББСБ-ын хувьд үгсэн хуйвалдаж олигополь зах зээлийг үүсгэх боломжгүй. 

Олон зээлдүүлэгчээс маш олон төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг зах зээлд худалдаалж байсан бол тодорхой хэмжээгээр хумигдаж, арилжааны банкууд томоохон харилцагчдад түлхүү зээл олгох, зардал, эрсдэл ихтэй бичил, жижиг, дунд бизнесийн зээлийн бүтээгдэхүүнээ хумих арга хэмжээ авч эхлэх, иргэд хоорондын өндөр хүүтэй зээлийн харилцаа далд хэлбэрт шилжинэ. 

Санхүүгийн хэрэгцээгээ хангаж байсан зээлүүд нь байхгүй болохоор мэдээж далд хэлбэрийн зээлийг авч хэрэглэхээс өөр аргагүй болно шүү дээ. Эдгээрээс дүгнэхэд, хамгийн муу нөлөө нь иргэдэд тусахаар байгаа. Мөн хуулийн төсөлд валютаар олгосон зээлийн хүүгийн талаар ямар нэгэн хязгаар тогтоож өгөөгүй учраас арилжааны банк дахь хадгаламж их хэмжээгээр гадаад валют руу хөрвөх байдал үүснэ, ингэснээр ард иргэдийн төгрөгт итгэх итгэл сулрах нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй. Энэ мэтчилэн дурдаад байвал олон сөрөг үр дагаврыг дагуулна.


-Хуулийн төсөлтэй холбоотой миний асуугаагүй зүйлсийн талаар дурдвал?

-Энэ хуулийн төсөлд бүх төрлийн шимтгэл авахыг хориглосон, хуулийн хэрэгжилтэд тавих хяналтыг Монголбанк, СЗХ хэрэгжүүлэх, хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх зэрэг алдаатай зүйлүүд их байгаа. Өнөөдрийн байдлаар ломбардыг төрөөс зохицуулсан бодлого байхгүй, СЗХ-ны хувьд бодит байдал дээр ломбардын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах боломж, бололцоо байхгүй байгааг хэлэх нь зүйтэй болов уу.