УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг эцэслэн баталсан. Тус хуульд зааснаар зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй ахмадын зээлийг бүрэн төлнө. Энэ хэмжээнээс их зээлтэй ахмадын зээлээс зургаан саяыг нь төлнө. Зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох юм.

Уг хуультай холбоотойгоор зарим ахмад нэгдэн зээлгүй ахмадуудын эрх ашгийг хамгаалах Түр хороо байгуулж буйгаа мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр тэд "УИХ ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээлтэйнх нь зээлийг төлж, зээлгүй ахмадуудыг хохироож, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тогтоол гаргасан. Үүнд гомдолтой буйгаа зээл аваагүй иргэдийн түр хорооноос мэдэгдэж байна. Өнөөдрөөс эхлэн Түр хорооныхоо үйл ажиллагааг нийслэл, орон нутагт нээлттэй явуулж, эрх ашгаа хамгаалуулна. 

Мөн бид байгалийн баялгийг ахмадуудад тэгш хуваарилах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид санал хүргүүлсэн" хэмээн мэдэгдлээ.

Ерөнхийлөгчид хүргүүлсэн тус саналд "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргасан "Ахмадуудын тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай зөвлөмж"-ийг УИХ хүлээн авч, тогтоол гаргахдаа Үндсэн хууль зөрчлөө. Ямар нэгэн судалгаа тооцоогүйгээр ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээл авсан, аваагүйгээр нь хоёр хувааж, буруу тогтоол гаргалаа. Бага тэтгэвэр авдаг, зээл аваагүй ахмадууд үүнд гомдолтой байна. Бага тэтгэвэр авдаг 200.000 ахмад тэтгэврийнхээ мөнгөөр амьжиргаагаа арай гэж авч явж байна. 

Иймд зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, Сар шинийн өмнө гурван сая төгрөг олгох саналыг хүргүүлж байна. 

- Бага тэтгэвэр авдаг 200.000 ахмад зээл авах боломж муу, хүү нь өндөр, хамтран зээлдэгчтэй байх зэрэг банкны дарамт их байдаг.

- Зээл авч амжаагүй 200.000 ахмадад тэгш хандан, Сар шинийн өмнө гурван сая төгрөгийг бэлнээр өгч, нийгмийн хамгаалал, аж амьдралыг нь дэмжих нь чухал байна.

- УИХ-ын тогтоолд бүрэн эрхийнхээ дагуу хэсэгчлэн хориг тавьж өгнө үү. Зээл аваагүй 200.000 ахмадад гурван сая төгрөг бэлнээр өгснөөр дотоодыг эдийн засагт ямар ч доргилт үүсэхгүй. Харин ч дэмжих юм. 

Ард түмнээсээ сонгогдсон Ерөнхийлөгч та бидний саналыг хүлээн авч, шударга шийдвэр гаргана гэдэгт итгэлтэй байна. Хүлээж  авахгүй тохиолдолд тэмцлийн дараагийн алхмуудыг хийх болно" гэжээ.