Мэргэжлийн хяналтын газрын зүгээс өнгөрсөн хугацаанд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд 24 цагаар тогтмол хяналт хийсэн. Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоод, агаарын чанарыг сайжруулах 154 хороодод хяналт тавьж ажиллажээ.

Шахмал түлшний 10 хангамжийн бааз, 17 дундын агуулах, 390 борлуулалтын цэгт МХЕГ, НХМГ-ын 417 улсын байцаагчид түлшний нөөц, тээвэрлэлт, хадгалалт, картаар борлуулж байгаа эсэхэд байнгын хяналт тавьж илэрсэн зөрчлийн талаар тухай бүр “Тавантолгой түлш” ХХК-ийн удирдлагад мэдээллийг шуурхай хүргэж, асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

Засгийн газрын тогтоол зөрчин түүхий нүүрс түлсэн нийт 115 зөрчлийг илрүүлэн 198.5 тонн түүхий нүүрсийг битүүмжлэн Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн 26 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авсан. Агаарын чанарыг сайжруулах бүсэд харьяалагдах 154 хороодод хяналт шалгалт хийх 166 улсын байцаагчийг томилон долоо хоног бүр хариуцсан хороодын агаар бохирдуулагч эх үүсвэрт хяналт тавин ажиллаж, агаар бохирдуулагч 5572 обьектод хяналт шалгалт хийсэн. Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа дууссан ч гэсэн бид хуулийн дагуу хяналт шалгалтаа үргэлжлүүлж ажиллана

Агаарын бохирдолтой тэмцэх газрын хэлтсийн дарга Г.Даваажаргал

 “Өнгөрсөн хугацаанд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр маш олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байсан боловч тодорхой сайн үр дүнд хүрэхгүй байсан. Харин Засгийн газрын 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш мэдэгдэхүйц хэмжээнд агаарын бохирдол буурлаа. 2019 оноос 2020 онд шилжих өвлийн агаарын чанарын хэмжилтүүдийн үзүүлэлтийг өнгөрсөн онуудтай харьцуулахад агаар дахь тоосонцорын агууламж 60 орчим хувиар буурсан өндөр үзүүлэлттэй байна” гэлээ.