Засгийн газар өчигдөр ээлжит бусаар хуралдаж, гаргасан шийдвэрүүдээ танилцуулсныг бид мэдээлсэн. Шийдвэрүүдтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн байгууллагуудын удирдлагуудын хамт олон нийтэд мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулсан. 

Үүнээс онцлох эшлэлүүдийг хүргэж байна.


Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

- Коронавирусийн цар тахлаас салтал дахин 6-8 сар хэрэгтэй гэж Засгийн газар тооцож байна. Энэ хугацаанд вакцин оруулж ирээд иргэдээ хамруулна.

- Засгийн газар сүүлийн жилүүдэд улс орныхоо алдагдсан өмч хөрөнгүүдийг олж авч байгаа. Эрдэнэт үйлдвэр, Салхит, Асгат, Багануур, Борнуур, Ноён уул, Тос, тосон бумбын орд гэх мэт. Эдгээрийг олж авахын тулд нэлээд ажил, тэмцэл хийж байна. Цаашид ч төрийн мэдэлд авах ёстой олон уул уурхайн газар байгаа. Төрийг хохироосон хэн ч төрийн өмнө хариуцлага хүлээх ёстой. Хэн нэгнийг аргацааж, хаацайлсан зүйл байж таарахгүй. 


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

- Вакцин орж ирэх хугацаа 2021 он хүртэл хойшлохгүй. Хамгийн хурдан оруулж ирэх боломжийг судалж, гурван чиглэлээр ажиллан тодорхой гэрээ, хэлцлүүдийг хийж байгаа. Албан ёсоор эцэслэгдэхээр мэдээлнэ.

- Төсөвт коронавирусийн вакцин авах мөнгө суулгаагүй гэсэн яриа гарч байна. 2020, 2021 оны төсөвт вакцин худалдаж авахад зориулж 51 тэрбум төгрөг суулгасан. Дээр нь Эрүүл мэндийн даатгалын сангийн Эрсдэлийн сангийн мөнгөөр худалдан авах боломж нээлттэй. Гэхдээ бид энэ сан руу гар хүрэхгүйгээр явах боломжтой гэж үзээд ажиллаж байна.

- Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар нь ашигтай ажиллаж байж төлдөг татвар. Ашиггүй ажиллавал төлөхгүй.


Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар:

- Халдвар гараагүй аймгуудад 4-5 сурагчдад танхимаар давтлага өгөх захирамжийг БШУ-ны сайд гаргасан. Ийм уян хатан шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн. Гэхдээ эцэг эхийнх нь хүсэлтэд үндэслэн давтлага өгч эхлэх хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 01-нийг хүртэл сунгасан.

- Маргаашаас гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулна. Гэхдээ хот хооронд зорчих хөдөлгөөн 12 дугаар сарын 24-нийг хүртэл одоогийнх шигээ байна.


Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн:

- Хөл хориотой холбоотойгоор өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 38.8 мянган иргэний 2.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлтйн төлөлтийг хойшлуулах хүсэлт ирсэн. Үүнээс 33.9 мянган зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулж шийдвэрлэсэн. Татгалзсан зээл нэг ч байхгүй. Бусдыг нь судалж байна.


"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн:

- Бид коронавирус гарна гэж тооцоолоогүй ч Засгийн газраас баталж өгсөн хөтөлбөрийн хүрээнд том төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл хийж байсан. Тиймээс амаргүй энэ цаг үед 100 хувь төрийн өмчит Эрдэнэт үйлдвэр Засгийн газраас өгсөн үүргийг хэрэгжүүлэхийн төлөө, бизнес эрхлэгчид, иргэдээ хамгаалахын төлөө бүх хүчээ дайчлан ажиллана. Сангийн яам, холбогдох байгууллагаас бидэнд гаргаж өгөх хуваарийн дагуу төлбөрийг хийнэ.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ:

Эрдэнэт үйлдвэр улсад 2016 онд 184 тэрбум, 2017-2018 онд 400-450 тэрбум төгрөг төвлөрүүлсэн. Онцгой дэглэм тогтоосны дараа буюу 2019 онд энэ тоо 963 тэрбум төгрөг болж өссөн. 2020 онд түүхэндээ анх удаа нэг их наяд давсан төгрөг төвлөрүүлэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд зэсийн үнэ өсөөгүй. Энэ дүн нь Эрдэнэт үйлдвэр ямар сахилга баттай ажиллаж байгааг харуулж байна. Тус үйлдвэрийн удирдлагатай холбоотой тансаглал гарсан нь үнэн. Амжилтдаа эрдсэн зүйл болсон. Засгийн газар дээр 2 удаа хатуу сануулга өгсөн. Дахиж ийм алдаа гаргавал ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. 


ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан:

- ЖДҮ-тэй холбоотой өмнө нь Засгийн газраас гаргасан тогтоолын хүрээнд зээлийн төлөлт нь хэвийн явагдаж буй ААН-ийн зээл болон хүүгийн төлөлтийг 2021 оны 07 дугаар сарын 01-нийг хүртэл хойшлуулсан. Мөн нийт 19.1 тэрбум төгрөг буюу Улаанбаатарт 9.1 нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийг 64 ААН-д, орон нутгийн ААН-үүдэд 10 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох сонгон шалгаруулалт явуулаад, санхүүжилтийг олгож байна.