Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар “Засгийн газрын гишүүний тангараг өргөх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж дэмжлээ. 

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Байнгын хорооны ажлын хэсгийн саналаар хуулийн төслийг Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх үүднээс төслийн 2 дугаар зүйл буюу 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх бөгөөд тангараг өргөх журмыг Улсын Их Хурал тогтооно” гэсний дараа “Засгийн газрын гишүүн би улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төрийн хууль биелүүлэх ажлыг төр, ард түмэн, Монгол Улсын Ерөнхий сайдын өмнө биечлэн хариуцаж, Засгийн газрын гишүүний үүргээ чиг шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж нэмэхээр тогтсон.

Энэ үндсэн дээр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг тус тус үндэслэн Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх журмыг боловсруулж, Улсын Их Хурлаар батлуулахаар уг тогтоолын төслийг санаачилсан талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.

 

Засгийн газрын гишүүн томилогдсоноосоо хойш ажлын гурван өдрийн дотор Улсын Их Хуралд тангараг өргөх, тангараг өргөх өдөр, цагийг Ерөнхий сайдын санал болгосныг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтоох, тангараг өргөх ёслолын ажиллагааны бэлтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар болон Төрийн ёслолын алба хангаж зохион байгуулах зэрэг зохицуулалтыг уг тогтоолын төсөлд тусгажээ.

 

Тогтоолын төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахыг дэмжив.

 

Дараа нь Засгийн газраас 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн “Хот байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэлээ.