Засгийн газар өчигдөр хуралдаж, шинэ коронавирустэй холбоотой зарим шийдвэр гаргасныг бид мэдээлсэн. 

Өчигдрийн хуралдаанаар мөн дараах шийдвэрүүдийг гаргажээ.

-  “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын үйлдвэр” Төрийн өмчит, аж ахуйн тооцоот улсын үйлдвэрийн газрыг “Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалтын төв” Улсын төсөвт үйлдвэрийн газар болгов. Төвийн зардлыг 2021 оноос жил бүрийн улсын төсөвт тусгахаар боллоо.

-  Алт цэвэршүүлэх үйлдвэрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар барих боломжийг судалж танилцуулахыг холбогдох сайд, агентлагийн дарга, бусад албан тушаалтанд даалгав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан айлчлалын үеэр дээрх үйлдвэрийг барих тухай гэрээнд гарын үсэг зурсан юм. Нийт 81.9 сая ам.доллар шаардлагатай бөгөөд урьдчилгаа 30 хувийг санхүүжүүлсэн тохиолдолд ажил нь эхлэх боломжтой. Үйлдвэр жилд 50 тонн алт, 25 тонн мөнгө үйлдвэрлэх хүчин чадалтай байх юм.

-  Улаанбаатарын дулааны III цахилгаан станцы суурилагдсан хүчин чадлыг 250 МВт-аар нэмэх төслийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, төслийг хэрэгжүүлэх эсэх удирдамж авах болов. 

-  “Суралцагчийн сургалтын төлбөр, амьжиргааны зардалд зориулан олгох хөнгөлөлттэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн улсын төсвийн оролцоотой эх үүсвэрийг бүрдүүлэх, эргэн төлүүлэх, сургалтын зээлийг хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох журам батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийг  УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

-  Төрөөс эмэгтэйчүүдийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, охид, эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, ур чадварыг нь дээшлүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс сэргийлэх чиглэлээр төрийн зарим чиг үүргийг Монголын эмэгтэйчүүдийн холбоогоор гүйцэтгүүлэхийг сайд С.Чинзоригт зөвшөөрөв.


ОХУ-аас шилжүүлж авсан байрыг оршин суугчдад нь хувьчилна

ОХУ-аас үнэ төлбөргүй шилжүүлж авсан орон сууцны найман байрны өмчлөх эрхийг Засгийн газрын нэр дээр бүртгэх болов. Дээрх байрыг оршин суугчдад нь хувьчлах бэлтгэлээ хангаж, II улиралд багтаан хэлэлцүүлэхийг холбогдох сайд, агентлагийн даргад даалгав. 

Монгол Улсын өмчлөлд хүлээн авсан байрууд нь БГД-ийн хоёрдугаар хорооллын XVII байр, БЗД-ийн 15 дугаар хорооллын I, VII, XI, XII, XIII байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын 22 дугаар хорооллын III, IV байр бөгөөд “Ээрмэл” ХХК, Гаалийн ерөнхий газар, “Талх чихэр” ХХК, МУИС-ийн ажилтан, албан хаагчид болон бусад иргэн, нийт 550 гаруй өрх 1998 оноос хойш түрээслэн амьдарч байна. Иргэд байраа хувьчилж авахаар 20 гаруй жилийн турш удаа дараа хүсэлт гаргаж байсан. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн айлчлалын үеэр дээрх байруудыг Монголын талд шилжүүлэн авахтай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан юм. 

Мөн хуралдаанаар Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын эзэмшилд байгаа 590 гаруй орон сууцыг цэргийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр худалдах, хувьчлахыг зөвшөөрөв. Батлан хамгаалах салбарын нийт алба хаагчдын 22 хувь нь нийтийн эзэмшлийн орон сууцанд, 20 хувь нь албан тушаалын орон сууцанд, дөрвөн хувь нь албаны гэрт, 39 хувь нь хувийн хашаанд, 10 хувь нь бусдын байр, хашаанд амьдарч байна.