УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Оюутолгойн гэрээг шалгах УИХ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг "УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн дүгнэлт дээр Засгийн газар ямар байр суурьтай байна вэ" хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс тодрууллаа.

Хариуд нь Л.Оюун-Эрдэнэ "УИХ-аас ажлын хэсэг байгуулагдаад. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт гараагүй учраас 5-6 сарын хугацаанд Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн ордын ашиглалтын талаар Монгол Улсын эрх ашгийг хангуулах тодорхой алхам хийх улс төрийн боломжгүй явж ирсэн. 

Өнөөдөр УИХ, холбогдох байнгын хороогоор энэ асуудал яригдаж, УИХ онцгой бүрэн эрхийн хүрээнд ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж нэг талдаа гаргаж буйг Засгийн газар талархалтай хүлээж авч байна. Засгийн газраас найруулгын хувьд зарим саналыг тавьсан. Заримыг нь хүлээж авсан, хүлээж аваагүй зүйлүүд ч байгаа. Гэхдээ энэ бол тухайн ажлын хэсгийн гишүүд, ажлын хэсэг дээр ажилласан болон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал гэж бид хүндэтгэж хүлээж авч байгаа. 

Ер нь бол маргаантай, цаашид анхаарах зүйлүүд 2009 оноос хойш болсон. Үүнд ямар арга замаар, яаж хүрэх вэ гэдэг нь бидний бодох ёстой асуудал. Илүү урт хугацаанд нарийвчилсан ажил хийх нь зүйтэй гэж бодож байна. 

Оюутолгой төслийн Монголын талын төлөөллийг хэрэгжүүлэгч байгууллагын санхүү болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж байна" хэмээлээ.