Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. 

Засгийн газар нь:

-Байгаль орчин, аялал жуулчлалын яам

-Батлан хамгаалах яам

-Гадаад харилцааны яам

-Сангийн яам

-Хууль зүй, дотоод хэргийн яам

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэсэн Ерөнхий чиг үүргийн;

-Барилга, хот байгуулалтын яам

-Боловсрол, шинжлэх ухааны яам

-Зам, тээврийн хөгжлийн яам

-Соёлын яам

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

-Эрчим хүчний яам

-Эрүүл мэндийн яам гэсэн Чиглэлийн; нийт 14 яамтай, Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга гээд нийт 17 гишүүнтэй байхаар төслийг боловсруулжээ.

Шинэ Засгийн газрын бүтцийг боловсруулахдаа төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанар, түүхэн уламжлал, хөгжлийн чиг хандлагыг харгалзсан бөгөөд яамдын чиг үүргийн давхардлыг арилгаж, эрхлэх хүрээ, салбарыг оновчтой тогтоох, нөөцийг зөв хуваарилах, төрийн бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохион байгуулах ажлыг чанартай, үp дүнтэй, шуурхай явуулах шаардлагыг үндэслэсэн тухайгаа танилцуулгад дурджээ.