Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар зарим концессын гэрээг цуцлах шийдвэр гаргажээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын өнөөдрийн хуралдааны гол сэдэв концессын гэрээтэй холбоотой асуудал байлаа. Нийт 20 орчим концессын гэрээ хийгдэж, тэдгээр нь дандаа барих, шилжүүлэх буюу Засгийн газарт шууд өрийн дарамт болж очихоор байсан. Өнөөдрийн хуралдаанаар стратегийн зайлшгүй ач холбогдолтой гэж үзэж болохуйц гэрээнүүдийг авч үлдээд, бусад концессын гэрээг цуцлах шийдвэр гаргалаа. 

Тухайлбал, Алтанбулаг-Улаанбаатар-Замын Үүд чиглэлийн автозамын концессын гэрээг цуцалсан. ААН-үүд тухайн үүргээ биелүүлэхгүй удсан. ААН-үүд бол хохирол ярьж байгаа. Засгийн газар илүү том хохирол ярихаар байна. Яагаад вэ гэхээр өмнөх Засгийн газар энэ гэрээнүүдийг итгэж хийсэн байдаг. Асар урт хугацаа өнгөрсөн боловч гэрээт үүргээ биелүүлээгүй. Нөгөө талаар барих, шилжүүлэхээр концессыг авч явах нь цаашид өрийн дарамтаа дийлэхгүй нөхцөлд орно гэдэг үндэслэлээр цуцалж байна.

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумаас Дэлгэрэх суманд холбох 130 км замын концессын гэрээг цуцаллаа. Концессын гэрээгээр бага сургууль болон цэцэрлэг барихтай холбоотой багц гэрээг цуцлах нь зүйтэй гэж үзэж байна.

Стратегийн ач холбогдолтой концессын гэрээнүүд байгаа. Эдгээрийг үргэлжлүүлэх ёстой. Тухайлбал, Говийн бүс уул уурханй төслүүдэд үйлдвэрийн технологийн ус нийлүүлэх төсөл явж байсан юм билээ. Үүнийг яалт ч үгүй чухал төсөл гэж үзэж байгаа. Засгийн газар санхүүгийн батлан даалт гаргахгүй гэдгийг ААН өөрөө зөвшөөрсөн. Тэгээд гэрээний нөхцлийг өөрчилж, барих шилжүүлэхийг барих ашиглах болгосон.

Мөн Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн автозамтай холбоотой төслийг барих шилжүүлэх болгон өөрчилж үргэлжүүлэхээр болсон. Сэлэнгэчүүд болон тариаланчдын хувьд чухал зам болох Дархан, Сэлэнгийн автозамаас Шаамар, Зүүнбүрэн, Цагаан нуур, Түшиг чиглэлийн 120.85 км хатуу хучилттай автозамын концессыг дээрхийн адил өөрчилж үргэлжлүүлнэ. Бусад концесстой холбоотой асуудлыг үндсэнд нь түдгэлзүүлж байна. 

Засгийн газар барих, ашиглах, шилжүүлэхтэй холбоотой саналуудыг авна. Ийм санал ирсэн 5 концесс үлдэж байна. Бусад нөхцөлд барих, ашиглахтай холбоотой концессын гэрээг хийхгүй байхаар Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэрлэлээ" хэмээн мэдэгдлээ.

Мэдээллийг бүрэн эхээр нь дүрс бичлэгээр хүргэж байна.