Монгол Улсын Засгийн газар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-г өнөөдөр баталлаа. Шинэ Засгийн газар байгуулснаас хойшхи өнгөрсөн 14 хоногт тус төлөвлөгөөг боловсруулжээ. Уг төлөвлөгөө нь 2024 он хүртэлх 3 жилийн хугацаанд хэрэгжих юм.

Төлөвлөөг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцуулав.

Тэрээр "Цар тахлын улмаас үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор олон улсын судалгаа хийсэн. Улмаар эдийн засаг эсвэл эрүүл мэнд эхэнд гэсэн философийг барьж ажилласнаар алдаа гарсан гэж үзсэн. Энэ хоёрыг цогц нэг зүйл гэдгийг анзаарсан улс орнууд амжилттай урагшилсан байна. Ийм бодлогыг Австрали, Шинэ Зеланд гэсэн 2 улс сайн хэрэгжүүлсэн байна. Тиймээс тус хоёр орны туршлага дээр суурилж төлөвлөгөөг боловсруулсан.

Өнгөрсөн хугацаанд цар тахалтай тэмцэхэд 4.1 их наяд төгрөг төсөвт тусгасан. Энэ бол байгаа олсон бодлого байсан. Хүүхдийн мөнгө, цахилгаан, дулааны хөнгөлөлт гэх мэт. Үүний 2.4 их наядыг нь зарцуулсан. Энэ бодлогыг бид 2021 оны 1.7 их наяд төгрөгөөр хэрэгжүүлнэ. 

Өнөөгийн байдлаар эдийн засаг 6 хувиар буурч, төсвийн алдагдал 12 хувь байна. Эдгээрээс улбаалаад Төв банкны үнэт цаасны үлдэгдэл 7.9 их наяд болсон. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд зээл гаргахаа болиод бүх банкаа эрсдлийн сан маягаар Төв банкинд хадгалуулсан. Үүнээс болж мөнгөн урсгал зогсож, ажлын байр хомсдсон, зээл гарахаа больсон, эдийн засаг эргэлтгүй болсон. Цар тахлын улмаас Ажлын байр 68.9 мянган ажлын байр шууд байхгүй болсон. Өнөөдрийн арга хэмжээг авахгүй бол нэг жилийн дараа 133 мянган ажлын байр алга болох эрсдэлтэй байна. 

Тиймээс халамжийн бодлогыг урьдын адил хэрэгжүүлэх боломжгүй болсон. Ачааллыг нь даахаа байсан. Тэгэхээр одоо амны хаалтаа зүүж, зайгаа бариад буюу халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлаад  эдийн засгаа сэргээх шинэ амьдралын хэв маяг руу шилжинэ. Энэ төлөвлөгөө эрүүл мэнд, эдийн засгийн хосолсон төлөвлөгөө. Аль аль нь урдаа биш" хэмээлээ.


"Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө"-нөөс онцолж байна.


Эрүүл мэндтэй холбоотой төлөвлөгөө

- "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-г хатуу хөл хорионы 12 хоногт авна. Иргэд идэвхтэй оролцох шаардлагатай. 

- Боломж байвал дахин хөл хорио тогтоохгүй. Тогтоох шаардлага үүсвэл 14-21 хоногийн өмнө урьдчилж зарлана. Эрдэмтдийн зөвлөлөөс гаргасан математик тооцооллоор Цагаан сарын хөл хорионы дараа 7 дугаар сарыг хүртэл 1-2 удаа хөл хорио тогтоож болзошгүй байна. Тогтоох бол урьдчилан мэдэгдэж, бизнес эрхлэгчдэд төлөвлөгөө гаргах боломж олгоно.

- ДЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн 2 вакциныг оруулж ирэхээр гэрээ хэлэлцээрүүд хийж байна. Вакциныг авчирч хадгалах ажлыг 3 дугаар сарын 01-нээс өмнө буюу хөл хорионы үеэр амжуулна. Нийт иргэдийн 60 орчим хувв буюу 2 сая хүнийг вакцинд хамруулахад эрсдэлээс сэргийлж чадна гэж ДЭМБ-аас зөвлөсөн. Эхний ээлжит 300.000 тун вакцин оруулж ирнэ. 

- Төрөөс нэг хүнээр дамжиж мэдээлэл гарна.

- Бүх бизнесийг хүмүүстэй шууд харьцдаг, шууд бус харьцдаг гэж 2 ангилж, тодорхой хязгаарлалт, журамтайгаар үйл ажиллагааг нь явуулна. Энэ талаарх нарын журмыг 2 дугаар сарын 23-нд танилцуулна.

- Цахим үйл ажиллагаа, хүргэлтийн үйлчилгээг дэмжинэ.

- Онгоцны буудлын наана тусгай зориулалтын бүс байгуулж, гадны бизнес уулзалтуудыг дэмжинэ. Шууд уулзуулахгүй, гарын үсэг зурах, гэрээ хэлцэл хийх, нотариатаар баталгаажуулах зэрэг зүйлийг нээлттэй болгоно.

- Бэлэн бус мөнгөний тооцооны чиглэл рүү түлхүү орно.

- Гадаад байгаа иргэдээ татан авна. Өнөөдрийн байдлаар эх орондоо ирэх хүсэлт өгсөн 9135 иргэн байна. Бид Засгийн газрын эхний 100 хоногт багтаан 16 удаагийн нислэгээр 2560 иргэнийг татан авахаар бэлтгэл ажлаа хангасан. 


Эдийн засагтай холбоотой төлөвлөгөө

- Хоёр их наяд төгрөгийн 3 хувийн хүүтэй зээлийг 3 жилийн хугацаатайгаар урьдчилгаа төлбөр байхгүй, чөлөөлөгдөх хугацааг нэг жил гэж тооцон зах зээлд нийлүүлнэ. Үүний нэг их наядыг нь Хармагтайн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах байдлаар босгоно. Мөн Засгийн газар Монголбанкнаас 0 хувийн хүүтэй бонд худалдаж аваад арилжааны банкуудад өгч зээлийн баталгаа гаргах байдлаар нэг их наяд төгрөг босгоно. Уг зээлийн бүх арилжааны банкаар дамжуулж олгоно. 

- Төв банкны менежментийг өөрчилж, дундаж орлоготой иргэдийг дэмжих хэлбэр рүү шилжинэ. 

- Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд 500 тэрбум төгрөг зарцуулна. Төсөв дотроо зохицуулалт хийнэ. Залуус зориулсан хоёр сарын хугацаатай нэг сая төгрөгийн тэтгэлэг зарлана. Залуучуудыг цахимаар бүртгэнэ. Сар бүр ажлын байргүй болсон 5000 залуусыг тусгай хөтөлбөрт хамруулна. Хоёр сарын вакуум сургалтад хамруулна. Төгсөхөд нь сертификат, нэг сая төгрөг өгнө.

- Улаанбаатарын хүн орон нутагт ажилласан тохиолдолд төвлөрлийг сааруулах Засгийн газрын бодлогыг дэмжсэний төлөө нэмэлт тэтгэлэг өгнө. Мөн орон сууцны тэтгэлэг болон суралцах зэрэг Засгийн газраас явуулж буй хөнгөлөлттэй бүх зүйлд уг хаталбөрт хамрагдсан залуусын нэгдүгээрт оруулах бодлого хэрэгжүүлнэ. Гурван жилийн хугацаанд 50.000-60.000 залуусыг энэ хөтөлбөрт хамруулах боломжтой. 

- Орон сууцжуулах 3 их наядын төлөвлөгөөг хэрэгжүүлнэ. Компаниуд орон сууц барьчихаад зарах нь том асуудал байдаг. Үүнийг Засгийн газар бодлогоор зохицуулна, хамтарч ажиллана

- Хаврын тариалан эрхлэлтийг санхүүжүүлэх 3 хувийн хүүтэй зээл олгоно. Санхүүжүүлэх дүн 100 тэрбум төгрөг.

- Ноолуур бэлтгэлийн зээл санхүүжүүлэх дүн 200 тэрбум төгрөг. 3 хувийн хүүтэй.

- Малчдыг дэмжих зээлийг санхүүжүүлэх дүн 200 тэрбум, 3 хувийн хүүтэй.


Төлөвлөгөө боловсруулахад: УИХ, ЗГ, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Зээлийн батлан даалтын сан, ДЭМБ-ын удирдлага, Суурин төлөөлөгч, Ипотекийн корпораци, Эрдэмтэн, судлаачид, эдийн засагчдын зөвлөл, их, дээд сургууль, судалгааны байгууллагууд оролцжээ.