Манай улс шинэ коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлж, Улаанбаатарт ирэх болон гарах олон улсын бүх нислэгийг түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбоотойгоор гадаадын зарим оронд буй эх орондоо ирэх хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээ тусгай үүргийн онгоцоор авчрахаар шийдвэрлэж, гурван удаагийн нислэг үйлдээд буй.

Тодруулбал, гуравдугаар сарын 15-нд БНСУ-аас 244, гуравдугаар сарын 16-нд Берлин-Москвагаас 231, Японоос 257 иргэнийг тусгай үүргийн онгоцоор авчран ХӨСҮТ, Цэргийн эмэнэлэг, Жаргалант болон Энхсаран сувилалд тусгаарлан, шинжилгээ авч, эмчийн үзлэг хийж байна.

Тэдгээрээс шинэ коронавирусийн голомтот бүсүүдээс ирсэн иргэдийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд эхний шинжилгээгээр Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 3 иргэнээс шинэ коронавирус илэрсэн. Шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлж эхэлсэн гэж Эрүүл мэндийн яам өчигдөр орой мэдээлсэн.

Энэ талаар Засгийн газар "Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн 3 иргэний лабораторийн эхний шинжилгээгээр Covid-19 вирус илэрлээ. 

Эдгээр хүмүүст шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж, хавьталуудыг нарийвчлан судалж байна. 

Халдвар гарсан улс орнуудаас иргэдээ авчирч, эрсдлийг тооцоолон зохих бэлтгэл хангасан тул иргэд та бүхэн айж сандралгүй тайван байж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжүүдийг дагаж мөрдөөрэй" хэмээн цахим хуудсаараа мэдээлжээ.