Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, БНХАУ-тай хил залгаа боомтуудаар орох, гарах агаарын болон төмөр замын зорчих хөдөлгөөнийг зогсоолоо. Гэхдээ бараа бүтээгдэхүүний экспорт, импорт хэвийн үргэлжилнэ.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг "Маргааш буюу хоёрдугаар сарын 14-ны өдрөөс эхлэн БНХАУ, Монгол Улс хооронд үйлддэг нислэг, төмөр замын зорчигч тээврийг бүрэн зогсоохоор боллоо. Сүүлийн 14 хоногийн хугацаанд нийт 6000 гаруй монгол иргэн урд хөршөөс орж ирсэн. Тэгэхээр маргаашаас хил 100 хувь хаагдаж,   БНХАУ-аас ирэх болон тус улсад зорчихыг бүрэн хориглож байна гэсэн үг юм. 

Урд хөршөөс нислэгээр болон төмөр замаар ямар ч улсын иргэнийг нэвтрүүлэхгүй. Монгол Улсын иргэдийн хувьд хүндэтгэх шалтгаан байвал тухайн үед нь Консул, Элчин сайдын яамдын шийдвэрээр тусгай нислэгээр авчирч тусгаарлана" хэмээн мэдээллээ.