Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал”, “Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл”-ийн Зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгов.

“Төсвийн санхүүгийн удирдлагын ил тод байдал, үр ашигтай байдал” төслийн хүрээнд татварын албаны мэдээллийн технологийн дэд бүтцийг бэхжүүлж, төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хяналт, чадавхийг нь сайжруулах юм.

“Сэргээгдэх эрчим хүчийг нэмэгдүүлэх төсөл” нь баруун бүс, Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилготой. Энэ хүрээнд 5 болон 10 мВт-ын салхин цахилгаан станц, 10 мВт-ын хоёр, 5 мВт-ын нарны нэг цахилгаан станц барьж, газрын гүний дулааны насос суурилуулах замаар сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгохоор төлөвлөжээ.