Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар ирэх 2 дугаар сарын 1-нээс эхлэнх ахмадуудын тэтгэврийг нэмэх шийдвэр гаргалаа.

Шийдвэрийн талаар ХНХ-ийн сайд С.Чинзориг "Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй 408 мянган ахмад байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 280 мянган төгрөг байгаа. Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй иргэдийн олонх нь бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр авдаг.

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэврийг нэмэх зорилгоор улсын төсөвт 117.5 тэрбум төгрөгийг тусгуулсан. Ингэснээр тус сангаас олгож буй тэтгэврийг 2019 оны 2 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 

Ирэх 2 дугаар сарын 1-нээс тэтгэвэр нэмэхдээ:

  • Бүрэн тэтгэврийн доод хэмжээг 30.000 төгрөгөөр нэмэгдүүлж 310.000 төгрөгт хүргэнэ.
  • Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 243.000 төгрөг байгааг 270.000 төгрөг болгоно.

Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээнээс дээш тэтгэвэр авч буй бүх ахмадын тэтгэврийг 2 дугаар сарын 1-нээс 24.000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргалаа. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 372.5 мянган төгрөгт хүрч байна. 

Нийгмийн халамжийн сангаас олгож буй тэтгэврийг мөн 2019 оны 2 дугаар сарын 1-нээс нэмэгдүүлнэ. Үүний нэг онцлог нь халамжийн тэтгэвэр амжиргааны түвшингээс доогуур тогтоогдож ирсэн зөрчлийг арилгах зорилготой.

Төрөөс зайлшгүй халамж, анхаарал хэрэгтэй байгаа иргэнд олгож буй халамжийн тэтгэвэр нь амжиргааны түвшингээс доогуур байх нь тухайн иргэний амьдралыг хэвийн хэмжээнд авч явахад хүндрэлтэй байдаг.

Ингээд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу халамжийн тэтгэвэр 155.000 төгрөг байгааг ирэх 2 дугаар сарын 1-нээс 174.000 төгрөг байхаар шинэчилэн тогтоолоо.