Улсын онцгой комисс өнгөрсөн мягмар гарагт хуралдаж, зарим үзвэр, үйлчилгээг 2020 оны 7 дугаар сарын 1-нээс үе шаттай нээх чиглэлээр эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргаж ажиллахыг аймаг, дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсөн.

Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Зарим үзвэр, үйлчилгээг нээх тухай захирамжийг 6 дугаар сарын 30-нд гаргажээ.

Тус захирамжид:

Дэлхий нийтэд тархаж буй “Ковид-19” халдварт цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээ, PC тоглоомын газар, диско болон бүжгийн баарны үйл ажиллагааг түр зогсоосугай. 

Үүнд зааснаас бусад баар, биллиард, хүүхдийн зуслан, тоглоомын газар, шашин, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад халдварын эрсдэлийн үнэлгээ хийж, мэргэжлийн байгууллагын шаардлагыг хангуулан үе шаттайгаар нээхийг зөвшөөрсүгэй гэжээ.  

Захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.