2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд цастай байна. Үүнээс:

- Алтай, Хангай, Хэнтэй, Хөвсгөлийн өндөрлөг уулс, Хархираа Түргэний уулс, Хан Хөхий нуруугаар буюу Увсын Малчин, Хяргас, Завханы Их-Уул, Баянтэс, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс, Хөвсгөлийн Галт, Сэлэнгийн Бугантад /Ерөө/ 20 см-ээс зузаан, нягт нь 0,12-0,25 г/см3, 

- Баян-Өлгийн Даян /Сагсай/, Увсын Баруунтуруун, Улаангом, Завханы Эрдэнэхайрхан, Цэцэн-Уул, Алдархаан, Сонгино, Улиастай, Шилүүстэй, Хөвсгөлийн Жаргалант, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Цэцэрлэг, Булганы Бугат, Хангал, Дашинчилэн, Сэлэнгийн Хүдэр, Хэнтийн Биндэр, Дадал, Батширээт, Баян-Адрага, Гурванбаян, Өмнөдэлгэр, Батноров, Галшар, Өлзийт, Сүхбаатарын Асгат, Сүхбаатар, Дорноговийн Иххэт  сумдын нутгаар 11-20 см зузаан, нягт нь 0,11-0,24 25 г/см3, 

- Булган, Сэлэнгэ, Дархан-Уулын ихэнх, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Дорноговийн зарим сумдын нутгаар 6-10 см, 

- Баруун болон төвийн аймуудын зарим, говийн аймгуудын ихэнх, зүүн аймгуудын ганц нэг сумдын нутгаар цасгүй, бусад нутагт 5 см хүртэл зузаан цастай байна.

2020 оны 01 дүгээр сарын 02-ны байдлаар гаргасан зудын эрсдлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 гаруй хувьд их (нэн их 21 хувь, их 34 хувь), 25 хувь нь дунд зэрэг эрсдэлтэй гарлаа.

Үүнээс Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгуудын ихэнх, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.

Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрч гарсан, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсч байгаагаас харын зуд болох төлөвтэй байна.

Цаашид цасан бүрхүүлийн зузаан нэмэгдэх, нягтарч хатуурах, хүйтний эрч чангарах зэргээр өвөлжилт, хаваржилт хүндрэх тухай бүрт зудын эрсдэлийн зургийг шинэчлэн боловсруулж, тойм зөвлөмж гаргаж мэдээлнэ.


Эх сурвалж: ЦУОШГ