УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

Хуралдааны эхэнд Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тус хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хийв.

Тэрээр "Уг хуулийн төсөл нь гурван зүйлээс бүрдэж буй. 1997 оны 2 дугаар сарын 1-нээс өмнө буюу Нийгмийн даатгалын багц хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хөнгөлөлттэй нөхцөл, 4 төрлөөр тэтгэвэр тогтоолгосон нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэхээр тусгалаа. 

Дээрх нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгон авч буй 21.2 мянган иргэний 85.8 хувь буюу 18.2 мянган нь эмэгтэй, үлдэсэн хувь нь эрчүүд байна. Тэдний 80.2 хувь буюу 17.000 нь улсын дундаж тэтгэвэр буюу 374.8 мянган төгрөгөөс доогуур буюу хэт бага тэтгэвэр авч байна. Тиймээс эдгээр иргэний тэтгэврийг нэмж, тэтгэврийн дундаж хэмжээнд хүргэх нь шударга ёсонд нийцэх тул тус хуулийн төслийг санаачилсан.

Холбогдох судалгаа тооцооноос үзэхэд хуулийн төслийн зохицуулалтад хамрагдах 21.2 мянган иргэний тэтгэврийг 50.000 төгрөг орчмоор нэмэгдүүлэх бөгөөд тэтгэврийн тус нэмэгдэлд шаардагдах 12.7 тэрбум төгрөгийг улсын төсвөөс санхүүжүүлэхээр тусгалаа. Хууль хэрэгжих хугацааг 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр байхаар тусгав" хэмээв.

Уг асуудлаар гишүүд хэлэлцсэний дараагаар тус хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх зүйтэй гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 45 гишүүний 29 нь буюу 64.4 хувь нь дэмжлээ.

Улмаар Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тус хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр НБСШУ-ны байнгын хороонд шилжүүлэв.