НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээний тухай танилцуулга мэдээлэл авлаа. Эхний мэдээллийг НИТХ-ын даргын зөвлөх, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын ассиоцацийн тэргүүн" С.Энхтөр хүргэлээ.

Тэрбээр НИТХ-ын даргын дэргэд замын хөдөлгөөнийг бууруулах чиглэлээр байгуулагдсан Эрдэмтдийн зөвлөлөөс хийсэн судалгааны үр дүнг танилцууллаа. Тухайлбал,  томоохон замын уулзварууд дээр Шар дөрвөлжин буюу yellow box-ийг хэрэгжүүлэх, ингэснээр уулзвар дээрх түгжрэл 90%, уулзвар хүртэлх ачаалал 0,5%-аар  нэмэгдэнэ гэсэн судалгааг хийсэн байна. Мөн ачаа түгээлтийн болон бараа түгээлт, таталтын дунд, том оврын автомашинуудыг өдрийн цагаар бус, замын хөдөлгөөний эрчим буурсан шөнийн  01.00-07.00 цаг болгох саналыг гаргасан байна. Түүнчлэн замын хөдөлгөөний түгжрэлийн тухай мэдээллийг богино долгионы FM радиогоор жолооч нарт хүргэх, авто зогсоолын асуудлыг шийдвэрлэх гарцын талаар мэдээлэл хүргэлээ.

Тэргүүлэгчид ЕБС-ийг автобустай болгох, Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах, орон сууцны дунд замын орц гарцыг хаасан хашаа хайсыг буулгаж замыг чөлөөлөх, тодорхой цаг хугацаанд урсгалыг нэг чигийн болгох, ЕБС-уудад замын хөдөлгөөний чиглэлээр хичээл сургалт явуулах, жолооны курсуудын сургалтад замын хөдөлгөөний соёлын талаарх мэдээлэл өгөх, нийтийн эзэмшлийн талбайг сайн дураараа зогсоол болгон ашиглаж байгаа иргэд аж ахуйн нэгжид хариуцлага тооцох  зэрэг зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо. 

НИТХ-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөл, НЗД-ын захирамжаар байгуулсан ажлын хэсэг хамтраад 7 сарын 01-ны дотор түгжрэлийг бууруулах Дэд хөтөлбөрийг боловсруулж, тэргүүлэгчдийн хурлаар батлуулах, Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах талаар авах арга хэмжээг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод  Хурлын тогтоолоор даалгалаа.