Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 871350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 57.6 хувь буюу 501934 нь нийслэлийнх байна.

Улаанбаатар хотын иргэдийн 49 хувь нь хувийн автомашинаар, 39 хувь нь нийтийн тээврээр, 7 хувь нь явганаар, 2.7 хувь нь таксигаар, 0.7 хувь нь унадаг дугуй, мопедоор, 0.5 хувь нь ажилчдын автобусаар, 1.1 хувь нь бусад хэлбэрээр зорчдог.

Хөдөлгөөнд оролцсон зорилгын хувьд нийт зорчилтын 52 хувь нь ажил, гэртээ очих, 25 хувь нь сургууль, цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авах, 6 хувь нь ажлын болон бусад шалтгаанаар, 3 хувь нь чөлөөт цагаа өнгөрүүлэх, 5 хувь нь хүн хүргэж өгөх ба бусад шалтгаанаар хөдөлгөөнд оролцдог гэсэн судалгаа байна.

Өнгөрсөн хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор ялган хөдөлгөөнд оролцуулах, нийтийн тээврийг түлхүү хэрэглүүлэх зорилгоор зорчих хэсгийн эхний эгнээг нийтийн тээвэрт зориулах зохицуулалтыг 2012 оноос хэрэгжүүлж, зам, уулзварын өргөтгөл, шинэчлэл хийсэн боловч автомашины тоон өсөлтөөс шалтгаалан замын хөдөлгөөний ачаалал буурсангүй.

Манай орны эдийн засаг, хүн амын амьжиргааны түвшин зэргийг харгалзан дунд болон богино хугацаанд замын хөдөлгөөний ачааллыг бууруулахдаа автомашины тоог тодорхой хэмжээнээс нэмэгдүүлэхгүй байх, хувийн автомашины хэрэглээг зүй зохистой болгох, түүгээр хийгдэх зорчилтын үр ашгийг дээшлүүлэх, нийтийн тээвэр болон такси үйлчилгээг сайжруулан хэрэглээг нэмэгдүүлэх, явганаар болон унадаг дугуй, мопед, цахилгаан дугуйгаар зорчих боломжийг бүрдүүлж, холбогдох дэд бүтцийг сайжруулах зэрэг арга хэмжээг цогцоор нь хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Харин урт хугацаанд хэт төвлөрлийг сааруулах, дагуул хот байгуулах, худалдааны томоохон төвүүдийг хотоос гаргах, төр захиргааны байгууллага их дээд сургуулийг хотын төвөөс гадна байрлуулах зэрэг зохион байгуулалтуудыг хийж болох юм.

Одоогийн байдлаар автомашины хэрэглээн дээр өөрчлөлт, зохицуулалт хийхгүй бол өнөө л пиг түгжрэлдээ орж зогсох болчихоод байна.

/Сард 5000 - 8000 автомашин импортоор орж ирдэг./

Дээрх байдлаас үүдэн дараах зохицуулалтыг хийх тухай мэдээлэл олон нийтэд хүргэгдсэн. Үүнээс бага зардлаар богино хугацаанд хэрэгжүүлж болох төлөвлөлт одоогоор байхгүй гэж үзэж байгаа юм байна.

Ингэхдээ Улаанбаатар хотын авто замыг А, В, С бүсэд хуваах ба дараах ажлуудыг төлөвлөжээ.

1. Зогсоолын хүртээмжийг сайжруулах, зогсоолыг хүрэлцээтэй болгох зорилгоор А, Б бүсэд одоогоор байгаа зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нийт 2382 автомашины зогсоолыг 15696 болгож нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар 5330 автомашины зөвшөөрөлгүй зогсоолыг албан ёсоор зөвшөөрөл өгөх, зогсоол байх боломжтой 7984 автомашины зогсоолыг ашиглахаар бэлтгэл ажил эхлээд явж байна.

2. Замын хөдөлгөөнтэй холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангах, техникийн хяналтын үзлэг, татвар, жолооч нарын замын хөдөлгөөнд оролцох сахилга хариуцлагыг сайжруулах зорилгоор зөрчлийн торгуулийг төлүүлэх, хяналт, шалгалтын зохион байгуулалтыг сайжруулах ажлыг зохион байгуулах юм. Өөрөөр хэлбэл, дээрх зөрчил бүхий тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй бөгөөд тухайн бүсэд ямар ч тохиолдолд нэвтрэхгүй байх, нэвтэрсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх ажлыг төлөвлөж байна.

3. Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөн дэх нийтийн тээврийн чиглэлийн давхцлыг бууруулах, хотын төвөөр дайран өнгөрдөг чиглэлүүдийг богино эргэлттэй болгож өөрчлөх, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулна.

4. “А”, “В”, “С” бүсүүдэд дугаарын хязгаарлалтыг одоо байгаа зохион байгуулалтаар явуулахаар төлөвлөж байгаа ба “Бүсчлэл” тэмдгийг стандартад оруулж мөрдөж эхлэхээр ажиллаж байна.

Сүүлийн 4 жилийн байдлаар жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн тохиолдол бүртгэгдсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байна. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63609 жолооч замын хөдөлгөөнд оролцоод явж байна. Энэ нь зөрчил гаргасан ч гэсэн хариуцлагаа хүлээхгүйгээр хөдөлгөөнд оролцдог, цаашлаад осол зөрчил гарах дадал болж байна гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар мэдээлж байна.

Шинээр гарч байгаа Zone буюу Бүс тэмдэгийг жолооч нар мөрдөнө.

Эх сурвалж: Автотээврийн үндэсний төв