"Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарын нэгдсэн сургалт, семинар 2019 оны 01 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж аймгийн Засаг дарга, Иргэдийн хурлын дарга болон Засгийн газрын харьяа яам агентлагийн сайд, дарга нар оролцлоо.

Тус хуралдаанаар 2018 оны сахилга хариуцлагын жилийн дүгнэлт, Төрийн албаны шалгалт-Төрийн албаны шинэ хууль хэрэгжүүлэх, Төрийн албаны хариуцлагын хууль, сахилга хариуцлагаа дээшлүүлж, иргэн төвтэй төр байх зэрэг асуудлыг онцлон хэлэлцсэн байна.

Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар зам, тээврийн салбарт өнгөрсөн онд хийсэн болон энэ жил хийхээр төлөвлөж буй ажлууд, баримтлах бодлогоо аймгийн удирдлагуудад товч танилцууллаа.

Авто замын салбарт 2019 онд нийт 25 чиглэлийн 1207,45 км авто зам, 10 байршилд 761,8 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажил он дамжин хийгдэж байгаа бөгөөд шинээр 95 чиглэлийн 1041,44 км авто замын барилгын ажилд, 12 байршилд 823,8 у/м төмөр бетон гүүрийн барилгын ажлыг Монгол Улсын 2019 оны төсөвт тусган худалдан авах ажлыг эхлүүлэхээр бэлтгэж байна.

2019 оноос Улаанбаатар-Дархан-Алтанбулаг чиглэлийн 345 км авто зам, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн 60 км авто замын их засвар,шинэчлэлт, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км урттай авто замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөөд байна.

Автотээврийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлээр Төв аймгийн Лүн сумын нутаг дэвсгэрт "Урьхан-2”, Баян-Чандмань сумын нутаг дэвсгэр Аглагийн хийд рүү эргэдэг уулзварт, Ховд аймгийн Дарви суманд авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийг, Хэнтий аймгийн Өндөрхаан суманд автобуудал, "АТҮТ” ТӨҮГ-ын хөрөнгөөр Дорноговь аймгийн Сайншанд суманд автобуудлын барилгыг барьж ашиглалтад оруулж үйл ажиллагаа нь эхлүүлээд байна.

"Авто зогсоол байгуулах тухай” Засгийн газрын 2018 оны 101 дүгээр тогтоолын дагуу авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийн барилга угсралтын ажлыг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомтод "Түгээмэлтүмэн хишиг” ХХК 2019 оны I улиралд, мөн Цогтцэций суманд "Шанх майнинг” ХХК 2019 оны II улиралд тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Төмөр замын тээврийн салбарт Монгол Улсын Их хурлын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их хурлын 2011 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д хоёр дахь шатанд барих төмөр замын төслүүдэд Зүүнбаян-Ханги чиглэлийн 280 км, Эрдэнэт-Арцсуурь чиглэлийн 780 км төмөр замын төслийг тус тус нэмэлтээр оруулж, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн, зэрэг төмөр замын томоохон төсөл хөтөлбөрүүдийг энэ онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Агаарын тээврийн салбарт Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймгийн Хөшигийн хөндийд олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барьж дуусгаж, орон нутгийн нислэгийн сүлжээг өргөжүүлэх, нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд Хэнтий аймгийн "Өндөрхаан”, Увс аймгийн "Дэглий цагаан”, Говь-Алтай аймгийн "Алтай”, Завхан аймгийн "Доной”, Өмнөговь аймгийн "Гурван сайхан” нисэх буудлуудыг засварлан шинэчлэн сайжруулах ажил хийгдэх” зэрэг олон ажлууд хийхээр төлөвлөж байгааг онцоллоо.

Мөн энэ үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар 21 аймгийн Засаг дарга нартай хамтын ажиллагааны гэрээг байгууллаа.



Эх сурвалж: Зам, тээврийн хөгжлийн яам