“Жавзандамба хутагт” төвийн багш лам нар "Өвчтөний сэтгэлийг асрахуй" төслийг хавдар өвчнөөр шаналж буй хүмүүст таван жилийн өмнөөс хэрэгжүүлж эхэлсэн юм.

Энэхүү төсөл нь лам нар хавдраар өвчилсөн хүмүүстэй оношлогдох үеэс нь л эхлэн зөвлөж, айдас түгшүүр, сэтгэл гутралыг даван туулах бясалгал, бурханы сургааль номын тухай ярилцаж, эмчилгээ хийлгэх урам зориг өгөх зорилготой ажээ.

Өнөөдөр уг төслийг хэрэгжүүлж буй “Жавзандамба хутагт” төвийн багш лам, Залуу хувраг сангийнхан хамтран эдгээр ХСҮТ-д хавдар өвчнөөр шаналж буй, мөн химийн болон хөнгөвчлөх эмчилгээ хийлгэж буй 200 орчим иргэнд өвлийн өвгөн болж бэлэг түгээх юм байна. Энэ талаар Залуу хувраг холбооны тэргүүн Д.Номундалайгаас тодруулахад "Бид хүчил төрөгч өтгөрүүлэгч аппаратыг гардуулан өгнө. Бид хэвлэл мэдээллээр энэ мэдээллээ цацаад байдаггүй. Бусдад туслая гэсэн хүмүүстэй нэгдэн энэ үйл ажиллагааг явуулдаг. Хавдрын эмнэлгээс гадна Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт хүмүүсийн санал хүсэлтээр ажиллаж байсан" гэв.

Лам нар энэхүү сайн үйлсийг 4 жилийн өмнөөс хийж эхэлсэн бөгөөд 10 орчим хавдарт өвчтөнтэй уулзсан байна.

Сонирхуулахад “Жавзандамба” хутагт төвд буддын гүн ухаан, ёс суртахуун, бясалгалын талаар үнэн зөв, цогц мэдлэг олгох анхан шатны сургалт явагддаг бөгөөд хүссэн хэн бүхэнд нээлттэй үнэ төлбөргүй ажээ. Долоо хоногт гурван удаа үргэлжлэх энэхүү сургалтанд  сууснаар бухимдал, гомдол, айдсыг хэрхэн ялан дийлж тайвшрах вэ гэсэн асуултанд хариулт авах юм.