“Сүү, сүүн бүтээгдэхүүн, ундаа, савласан ус, тос үйлдвэрлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

Сүүний эрүүл ахуй, стандартын асуудал оролцогчдын анхаарлыг ихэд татаж байсан юм. Хэдийгээр хэдэн жилийн өмнөөс Улаанбаатарт түүхий сүү оруулахгүй гэсэн журам гарч байсан ч хэрэгжээгүй.

Сүүний үйлдвэрүүдэд шинжилгээ хийхэд антибиотик, вакцин илэрч гологдсон сүүг задгайгаар худалдах байдал нэлээд илэрч буйг сүү үйлдвэрлэгчид хэлж байлаа. Хариуцлага тооцох, хяналт тавих ажил сул байдгаас фермерүүд, малчид, ченжүүд ийнхүү үйлдвэрийн стандартад тохирохгүй сүүг задгайгаар борлуулах хандлага байдгийг тэд шүүмжилсэн юм.

Вакцины найрлагатай сүүг хэрэглэснээр бага насны хүүхдийн бие организмд дадал үүсч, вакцинд дасамтгай болдог. Мөн задгай сүү, сүүн бүтээгдэхүүнийг хавдар үүсгэдэг цэнхэр, эмульсны цагаан саванд савлан тээвэрлэж борлуулдаг нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд эрсдэл учруулж байгааг оролцогчид хэлж байлаа. Иймээс задгай сүүг тээвэрлэн ирж борлуулдаг тодорхой 3-4 цэгт хяналт тавих хэрэгтэй гэж байв. Мөн задгай түүхий сүү бруцеллёз өвчний эх үүсвэр болох эрсдэлтэйг хэлж байсан юм.

Ширгэсэн тосонд хайрсан бүтээгдэхүүн элэгний өвчний эх үүсвэр болдог

Монголд өнөөдөр ганцхан үйлдвэр “Алтан тос” гэсэн ургамлын тос үйлдвэрлэж байна. Үүнийг өргөтгөх боломжтойг үйлдвэрлэгчид хэлж байлаа. Гаднаас оруулж ирдэг ургамлын тосны тал хувийг наранцэцгийн тос эзэлдэг. Оливын, самрын, наргилын гэх зэрэг тоснууд байдаг ч найрлагын 70 хувийг үндсэн бүтээгдэхүүн, 30 хувийг чанар муутай тос эзэлдгээс үнэ хямд байдаг гэлээ.

Монголчууд эрүүл мэнддээ анхаардаг болж, өөхөн тосны хэрэглээ хумигдан ургамлын тос ашигладаг болсон нь дэвшилттэй ч тосоо ширгэтэл нь ашигладаг. Сургуулийн сурагчид, оюутнууд ихэвчлэн гаднаас хуушуур авч иддэг. Ширгэсэн тосонд хайрсан хуушуур элэгний өвчний нэг эх үүсвэр болж буйг хэлэлцүүлгийн үед оролцогчид анхаарууллаа.