МАХН-аас "Өрх бүрт орон сууц" хөтөлбөр зарласан талаараа өнөөдөр тус намын төлөөллүүд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр МАХН-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ "Манай нам "Өрх бүрт орон сууц" хөтөлбөрийнхөө нээлтийг өнгөрсөн бямба гарагт хийж, эхний 10.000 айлыг бүртгэсэн. Хэвлэл мэдээлэл болон цахим сувгуудаар "үнэгүй орон сууц тараана гэж байхгүй, энэ боло сонгуулийн шоу, бүтэхгүй асуудал" гэсэн мэдээллүүд гарч байна. 

Бид гэр хорооллын айл өрхийн тоог багасгая, иргэдээ орон сууцжуулъя, ялангуяа 2016 онд дэвшүүлсэн тэг түрээстэй орон сууц хэрэгжүүлэх МАХН-ын мөрийн хөтөлбөрийн хүрээнд энэ ажлыг эхлүүлж байна. Хэрэгжих боломж байна гэж үзсэн. Хамгийн гол нь сэтгэл хэрэгтэй, хөрөнгөний асуудалд зовоод байх зүйл алга гэсэн зарчим баримталж, "Өрх бүрт орон сууц" хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон. 

 "Өрх бүрт орон сууц" хөтөлбөр нь түрээсийн болон өмчлөх орон сууц гэсэн хоёр төрлөөр хэрэгжихээр танилцуулагдаж байна. 

Орон сууц түрээслэх зарчим: Одоо хэрэгжиж буй түрээсийн орон сууцны шоо метрийн үнэ 5500 төгрөг байгаа. 50 шоо метр талбайтай орон сууц түрээслэж буй айл нэг сард  275000 төгрөгийн түрээс төлнө. Харин бид шоо метрийн үнийг 3920 төгрөгөөр тооцож, 50 шоо метр талбайтай орон сууц түрээслэгч нэг сард 196000 төгрөг төлөөдтүрээслэх боломжтой гэж тооцсон. 

Орон сууц өмчлөх зарчим: Одоо иргэд 100 сая төгрөгийн байр худалдаж авахын тулд 20 жилийн хугацаанд зээлийн хүү төлж, 200 гаруй сая төгрөгөөр худалдаж авч байна. Тэгвэл МАХН-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн орон сууц өмчлүүлэх зарчим бол тухайн орон сууцны үнэд хүү бодохгүй, урьдчилгаа авахгүйгээр төр, барилгын компани, иргэний гурвалсан гэрээ байгуулан сар бүр эргэн төлөлт хийх зарчмаар байранд оруулна гэж тооцсон. Тэгэхээр урьдчилгаагүй байх нь.

Үнэгүй зүйл гэж юу байх вэ, энэ бол шоу гэж хэлж буй хүмүүст анхааруулж хэлэхэд, Бид банкны урьдчилгаа 30 хувьгүйгээр, мөн 8 хувийн хүүгүйгээр иргэн 50, 60 зэрэг шоо метртэй орон сууц худалдан авсан тохиолдолд орон сууцны бодит нийт үнийг сар бүр өөрийнхөө төлөх эдийн засгийн боломжит дүнд хуваагаад хүүгүй төлөх боломжтой гэдэг хувилбар дэвшүүлж байна. Улмаар байрныхаа нийт үнийг хэдэн жилийн хугацаанд төлөх нь тухайн иргэний эдийн засгийн боломжоос шууд шалтгаална. 5 жил тутамд  ᠎ -1 хувийн хүү тооцно. Төлбөрөө шууд төлбөл 8 хувь хөнгөлнө" хэмээн мэдэгдлээ.

Мөн тэрээр "Тус хөтөлбөрийн хүрээнд маргааш буюу бямба гарагт хоёр дахь бүртгэлийн ажлаа хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, эхний 10.000 айлыг өнгөрсөн долоо хоногт бүртгэсэн. Маргааш дахин 10.000 айлыг бүртгэнэ. Бүртгэл 11.00-17.00 цаг хүртэл үргэлжлэх тул хөтөлбөрийг маань дэмжиж буй иргэд маргааш МАХН-ын байранд ирж бүртгүүлээрэй. Бидний тооцоолж буйгаар ирэх жилийн өдийд эхний 50.000 өрхийг орон сууцан хамруулна.  Банкны шаардлагад тэнцэхгүй иргэд олон байдаг. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд банкны шаардлагыг хангасан байх шаардлагагүй. Банкаар дамжихгүй учир банк болон эрх баригчдад таалагдахгүй байж магадгүй " гэдгийг нэмж хэллээ.