Сайн дурын ажиглагчид Youtube сайтад хүүхдийн бичлэгийн доор элдэв гаж донтой сэтгэгдэл бичиж, тэднийг ангуучилдаг 100 мянга гаруй ангууч аккаунт байдаг гэлээ. BBC агентлагаас мэдээллийн дагуу шалгаж үзэхэд ёс бус сэтгэгдлийг дээш мэдүүлдэг систем нь алдаатай байжээ. Харин Youtube-ийн зүгээс репорт буюу мэдүүлгийн “дийлэнхийг” 24 цагийн дотор шалгадаг гэсэн хариу өгсөн байна. 

Түүнчлэн техникийн ямар нэг асуудал байхгүй бөгөөд насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан явдалд ихээхэн анхаардаг ч гэжээ. Энэ лхагва гарагт Youtubе дэх хүүхдүүдийг хамгаалах шинэ арга хэмжээ авч хэрэгжүүлэхээ ч мэдэгдсэн. 

Youtube бол видео цацах дэлхийн хамгийн том сайт, суваг билээ. Тэд хууль бус, мөлжлөгийн шинжтэй бичлэгүүдийг тусгай алгоритмаар олж устгахаас гадна хэрэглэгчдийг мэдээлэгч болгодог. Хэрэглэгчид хүүхэд рүү чиглэсэн уруу татлага харвал баримт болгон үлдээж цааш мэдээлдэг. Улмаар Youtube-ийн ажилтнууд хянаад арга хэмжээ авдаг байна. 

Гэсэн хэдий ч ингэж мэдээлэх гэтэл ажиллахгүй байсан тухай маш олон эх сурвалж BBC-д хандсан. Насанд хүрээгүй хүүхдийг уруу татагчдын үлдээсэн сэтгэгдэл зүрх зүсэм. Зарим нь сексэд илт уруу татсан байхад, зарим нь утасны дугаар, бэлгийн дур хүслээ хангах видео гуйсан шинжтэй байх аж. 

Ийм сэтгэгдлүүдэд өртөж байгаа хүүхдүүд нь Youtube-д зөвшөөрөгдсөн нас болох 13 ч хүрээгүй. Тэдний бичлэг секстэй ямар ч холбоогүй, дуртай тоглоом, тухайн өдрийн хувцас, гэрийн нөхцөлд хэрхэн тоглоом хийх гэх мэт хөвөрнө. 

Хүмүүс энэ мэт 23 хүний аккаунтыг Youtube-д мэдүүлсэн ч өнгөрсөн хэдэн долоо хоногт зөвхөн тавыг нь л устгажээ. Харин BBC-гийн Trending-ээс холбогдож хэлэхэд 24 цагийн дотор бүгдийг нь утгасан байна.

Сэтгэгдлүүдээс:

"Ямар үзэсгэлэнтэй юм бэ"

"Хөхөвчөө болиод дан цамц өмсчихөө. Эсвэл бүр юу ч битгий өмс"

"Тачаангүй юм аа"

"Хонгор минь"

"Чиний ...-г чинь хармаар байна" 

"Бүтэн нүцгэлээч тэгэх үү"

"Над руу бичлэг явуулаач тэгэх үү, би чиний ...-г чинь хармаар байна" 

Дуулж байгаа бичлэгүүдээ Youtube-д тавьдаг байж байгаад үхэлд хүрсэн охин бол Аманда Тоддс. Аманда Тоддс 15 насандаа амиа хорлосон. Эмгэнэлт хэрэг гарахаас хоёр жилийн өмнө тэрбээр долдугаар ангийн сурагч байжээ. Тэр үед аав нь түүнд зөөврийн компьютер авч өгсөн байна. Хүмүүс түүнийг царайлаг, хөөрхөн, гоё биетэй зэргээр магтдаг нь түүнд таалагдсан гэж хэлсэн удаатай. Аманда Тоддсыг үгийн сайхнаар магтсан хүмүүсийн дундаас үеийнх нь царайлаг хөвгүүн хөхөө харуулахыг хүссэн.

Дөнгөж 13 настай тэрбээр ганц удаа хөл халтиран үгээр нь хийснээр эцэг, эх нь ганц охиноо үүрд алдах шалтгаан болсон юм. Үеийнх нь тэр хөвгүүн үнэн хэрэгтээ 35 настай Аядин Кобан гэгч байжээ.

Тэр цагаас хойш гэмт этгээд Аманда Тоддсыг цахим бэлгийн дарамтад оруулж, элдэв зүйлээ харуулахыг шаарддаг байсан. Эс бөгөөс хөхөө гаргасан зургийг нь сургуулийнхан, найзууд, гэр бүлийнхэнд нь харуулна гэж сүрдүүлдэг болжээ. Үүнээс болж Аманда Тоддс дөрвөн удаа сургуулиа сольж, нүүсэн ч даян дэлхийг хэрсэн цахим сүлжээн дэх дарамтаас нуугдах газар байгаагүй юм.

Эцэст нь хар тамхи, архинд орж, сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж, сургуулийнхандаа зодуулж, зургийг нь тараана гэсэн хөвгүүнтэй бэлгийн харилцаанд орж, өсвөр насны хүүхдийн үзэх ёсгүй бүхнийг үзжээ. Ийм зүйлийг хүүхэд байтугай насанд хүрсэн хүн ч давж гарахад бэрх. 

Бодит жишээ байгаа тул та хүүхдэдээ гар утсаа өгөөд орхихдоо юу руу түлхэж байгаагаа нэг бодоорой. Бичлэг тавьснаас гадна үзэж байгаа хүүхдүүдийг онилсон гэмт этгээд олширсоор байгааг мэргэжилтнүүд анхааруулсан.