ТОКИО. /NHK/. Монгол Улсын иргэн, Сүмо бөхийн аварга Хакүхо Японы иргэншил авжээ. Ёкозүна Хакүхо Даваажаргал зодог тайлсны дараа өөрийн дэвжээг байгуулж, залуу бөхчүүдийг дасгалжуулахаар төлөвлөж байна. 


Түүний иргэншлийн талаар Японы Засгийн газар мягмар гарагт мэдээлжээ. Өдгөө 34 настай тэрбээр хамгийн олон буюу 42 башёд түрүүлсэн юм. 


Японы Сүмо бөхийн холбооны дүрэм журмын дагуу дэвжээ байгуулах хүсэлтэй гадаадын сүмочид Японы иргэншил авах шаардлагатай байдаг ажээ. 


Өнгөрсөн зургадугаар сард Монголын эрх баригчид Даваажаргалын Монголын Улсын иргэншлээс татгалзах хүсэлтийг хүлээн авсан билээ. 


АНУ-ын иргэн, Ёкозүна асан Мүсашимарү болон Монголын сүмоч Кёкүтэнхо нар өөрийн дэвжээг байгуулахын өмнө Японы иргэншил авж байжээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг