Хичээл сургалтын үйл ажиллагааг түр завсарлуулах хугацаанд нэвтрүүлэх теле хичээлтэй холбоотой асуудлаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг:

"Багш нарыг цалинтай амрааж байна гэсэн шүүмж гарч байна. Сургууль цэцэрлэгийн удирдлагууд ч ажлын байр дээрээ ирэхийг шаарджээ. Энэ бол амралт биш хөл хорио тогтоосон онцгой үе. Тиймээс энэ хугацаанд ажил дээрээ ирэлгүйгээр телевизээр, утсаар, интернетээр сурагч нартайгаа холбогдож  телевизээр зааж байгаа хичээлийг батжуулах тал дээр анхаарах ёстой.

Хөл хорионы хугацаанд багш нарын цалинг урамшуулал, нэмэгдэлтэй нь бүрэн олгоно. Гэхдээ илүү цагийн хөлс олгохгүй. Яагаад цалинг нь бүтэн олгож байна вэ гэхээр энэ бол онцгой нөхцлөөс үүдсэн хол хорионы дэглэм. Онцгой нөхцөл байдлын тухай журамд ч үүнийг заачихсан байгаа. Цэцэрлэг сургуулиудад хувьсах зардлыг өгөх ч хоолны мөнгийг олгохгүй.

Хичээлийг нийгмийн сүлжээгээр дамжуулж заахгүй. Үүнээс үүдэн гарах хор уршиг их байгаа учраас. Иймээс сурагчдын хичээлийг өргөн нэвтрүүлгийн телевиз болон цахим хэлбэрээр заахаар теле хичээлийн хуваарь гаргалаа. Үүнээс үүдэн 20 гаруй хоногийн хоцрогдол үүснэ. Энэ хугацааг амралтаас долоо хоногийг хасаж, амралтын өдрүүдэд хичээллүүлэх зэргээр шийднэ. Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт цаг хугацаандаа эхэлнэ. Хичээл сургалтын үйл ажиллагаа түр завсарлаж буйгаас үүдэн зуны амралтыг хойшлуулахгүй. Эцэг эхчүүдэд сануулахад энэ бол сурагчдын амралт биш. Тиймээс олон нийтийн газраар хүүхдүүдээ авч явахгүй байхыг сануулж байна" гэлээ.

СУРАГЧДАД ХИЧЭЭЛ ЗААХ ХУВААР:

Нэг телевизээр нэг ангиар л явна. Өдөрт 2-4 хичээлийг тус бүр 10-20 минутын хугацаатай заалгахаар агуулга, хуваарь батлаад байна.