Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар гаргасан зарим шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцуулж мэдээлэл хийлээ.

Тэрээр "Өнөөдрийн хуралдаанаар музейтай холбоотой хоёр асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. 

Чингис хааны музей байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг баталллаа. Төрийн ордны баруун хойно байдаг хуучин Байгалийн түүхийн музей өнгөрсөн хавар олон нийтийн анхааралд нэлээд орсон. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд шуурхай газар дээр нь ажилласан. Улмаар барилга ашиглалтын хугацаа дуусаад нурахад маш ойрхон болсон, сүүлийн 6 жил үйл ажиллагаа явуулаагүй тус музейг Үлэг гүрвэлийн музейтай нэгтгэх тогтоол гаргалаа.

Одоо бидний төлөвлөж буйгаар шинэ Байгалийн түүхийн музей ашиглалтад ортол Үлэг гүрвэлийн музейд Байгалийн түүхийн музейг шилжүүлж, үйл ажиллагааг нь сэргээж явуулах шаардлагатай байна. 12.000 үзмэрээ складанд дараад 6 жил болж байгаа. 

Улмаар Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг суллаад Чингис хааны музей байгуулах ажил руу орно. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд тус музейн зураг төсвийг танилцуулсан. Засгийн газраас дэмжиж 2014 онд хийгдсэн тус зургийг засаж сайжруулж, Чингис хааны музейг байгуулахаар боллоо.

Тус музей нь Монгол байгаа Чингис хаантай холбоотой өв соёл, түүх, судалгаа, эрдэм шинжилгээ, аялал жуулчлал зэрэг бүхий л зүйлсийн гол төв болох юм" хэмээн мэдээллээ.

Мөн тэрээр "Өнөөдөр музейн талаар томоохон хоёр шийдвэр гаргасан нь хүүхэд залуусын танин мэдэх, түүх соёлоо сурталчлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, иргэдийг соён гэгээрүүлэх хүрээнд Засгийн газраас гаргаж буй түү чухал шийдвэр боллоо гэж бид үзэж байна" гэдгийг онцлов.