Коронавирусээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг УИХ-ын Түр хороо өнөөдөр хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан "Орон нутгаас хотод ирээд түгжигдчихсэн иргэдэд анхаарахгүй бол энд ч очиж бүртгүүлнэ, тэнд ч очиж шинжилгээ өгнө гээд хэцүүдэж байна. Тэдэнд идэх хоол, унтах газар үгүй боллоо. Маш олон иргэн мессеж ирүүлж байна. Энэ асуудалд яаралтай арга хэмжээ авч өгөөч. Мөн нийгмийн халамж хөдөө орон нутагт очихгүй байна. Ялангуяа хүн ам олноор суурьшсан Замын-Үүд, Сайншандад. Энэ газруудад халамжийн үйлчилгээгээ илүү чиглүүлээч. Оюунуудад шинжилгээ хийгээд орон нутаг руу нь явуулчихвал эдийн засагт хэрэгтэй юм биш үү" хэмээн асуулаа.

Хариултад нь УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Хөдөө орон нутгийн иргэдийг явуулахын төлөө л байна. Зөвхөн мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмж нь хасах заалттай байна. Эрсдэл өндөр байгаа учир явуулах болоогүй гэсэн зөвлөгөөг бидэнд өгч байна. 

Жишээ нь, нэг аймагт эндээс 2000 хүн очно. Тухайн аймагтаа коронавирус тараачихвал илүү их эрсдэл, зардал, мөнгө болно.

11 дүгээр сард иргэдэд олгох ёстой нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж, тусламж дэмжлэгийг олгосон. Нийт 556 мянган хүнд 38.6 тэрбум төгрөг, хүүхдийн мөнгө авах ёстой 1.2 сая иргэнд 119 тэрбум төгрөгийг олгох зохион байгуулалтын ажил бүгд хийгдсэн. Дорноговь аймгийг яг одоо шалгая. Тийм асуудал гарсан бол зохицуулна. Энэ үед аймгийн онцгой комисс уг асуудлыг зохицуулах ёстой. Бид орой бүр мэдээ авч байгаа. Сануулж хэлье.

Хөдөө явах иргэд болон оюутнуудыг аль болох явуулна. Энд би хориод байгаа юм шиг ярьж болохгүй. Хотод байгаа иргэдээс гадна орон нутагт байгаа 2 сая иргэний асуудал энд сөхөгдөж байгаа" гэв.