Хөл хориог үргэлжлүүлэн сунгах эсэх болон коронавирустэй холбоотой бусад асуудлаар Улсын онцгой комисс, Засгийн газар өнөөдөр хуралдаж, шийдвэр гаргалаа

Шийдвэрийн талаар Улсын онцгой комисс дөнгөж сая мэдээлэл хийв.

Тус комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар "Нөхцөл байдлыг үндэслээд хөл хориог дахин 14 хоног сунгах хэрэгтэй гэсэн саналыг Эрүүл мэндийн яамнаас ирүүлсэн. Улмаар салбар салбарын эрдэмтэн, судлаачид судлаад 10 хоног сунгах нь зүйтэй гэсэн санал гаргасан. 

Улмаар өнөөдөр дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Улсын хэмжээнд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргээ цуцалж, хэсэгчлэн тогтоохоор шийдвэрлэлээ. 

Тодруулбал, Улаанбаатар хот, Сэлэнгэ, Архангай аймагт 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06.00 цагаас 12 дугаар сарын 12-ны өдрийн 06.00 цаг хүртэл буюу 10 хоногийн хугацаагаар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг сунгаж байна.

Бусад аймагт Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний 06:00 цагаас эхлэн бууруулж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлнэ. 

Энэ хүрээнд халдвар бүртгэгдсэн аймгуудад иргэдийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн, халдвар хамгааллын дэглэмийг 10 хоногийн хугацаанд чанд мөрдөж ажиллаж үүргийг өглөө. Энэ талаар хуулийн дагуу аймгийн Засаг дарга нар шийдвэр гаргана.

- Хөл хориог сулруулсан аймгуудад олон нийтийг хамарсан хурал зөвлөгөөн, жагсаал цуглаан, соёл урлаг, спортын тэмцээн, үзвэр үйлчилгээ, боловсролын байгууллагын бүх үйл ажиллагааг хориглосон. Аймаг доторх хөдөлгөөн нээлттэй, аймаг болон хот хооронд хяналттай, хязгаарлалтай зорчуулна.

- Нийслэл болон аймгуудад 18 чиглэлийн төрийн байгууллага болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлалт тогтоохгүй явуулна. Одоо 11 чиглэлийн байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаа. Үүн дээр боловсруулах үйлдвэрлэлийн салбарыг нээхээр болсон" хэмээн мэдээллээ.


Тэдгээр 18 байгууллагын жагсаалтыг ЭНД дарж үзнэ үү.